Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг хиймэл оюун ухаан ашиглан хятадаар ярьж буй мэт ойлголт өгөхүйц бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Сүүлийн үед нийгмийн сүлжээнд Монгол Улсын ҮАБ-д заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд гадаад харилцаанд сэв суулгах зорилго бүхий Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээлэл удаа дараа гарах болсон. Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягнаас Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч бичлэг байршуулсан нь мөнхийн хөрш хоёр ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой явдал болсонд туйлаас харамсаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул Төрийн тэргүүний нэр төрийг хуулиар хамгаалдаг. Иймд хөрш орнууд олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хуулийн байгууллагад хандаж буй үүгээр мэдэгдэж байна” гэлээ.
Бичлэгийг Монголын хоёр иргэн хийснийг хуулийн байгууллага тогтоожээ. Ашигласан материалын тухайд энэ хичээлийн жилийн нээлтэд зориулж бэлтгэсэн дүрсийг ашиглан хувь хүний, баримжаа муутай яриаг хятадаар хэлж буй мэтээр эвлүүлсэн гэж ЕТГ-аас мэдээлэв.