Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.10.01/мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Парламентын ээлжит чуулганаар улсын төсөв, төлөвлөгөө хэлэлцдэгээрээ онцлог. Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Улсын болон орон нутгийн төсөв нийлээд нэгдсэн төсөв болдог. Төсвийг дагаж олон асуудал яригддаг. Тэр дунд онцгойлон ярих ёстой нэг асуудал байна. Орон нутгийн эрх мэдэл гэдэг зүйл жил, сараар хумигдсаар алга боллоо. Орон нутгийн үндсэн 26 агентлагийн 24-ийг нь нийслэлээс томилж байх жишээтэй. Бүх аймаг, сум улсаас татаас авч, татвар төлдөг ч Улаанбаатараас бүгдийг нь хуваарилдаг. Орон нутаг, аймаг, сум өөрийгөө засаглах чадваргүй гэж өнгөрсөн хугацаанд эрх баригчид үзэж, бодлого хэрэгжүүлж ирлээ.
Өөрөөр хэлбэл, орон нутагт тэнэг хүмүүс амьдардаг, Улаанбаатарт ухаантай хүмүүс амьдардаг гэдэг байр суурьтай явж ирлээ. Энэ бүхний хор уршгаар эрх мэдлийг дагасан мөнгө, түгжрэл, стресс бухимдал үүсч байна.
Тэгэхээр Ардчилсан намын бүлгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, бэхжүүлэх, эрх мэдэл шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг намрын чуулганд өргөн барина. Бүлгийн 40 гишүүнээс 14 нь аймаг, сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд долоо нь аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болж сонгогдон ажиллаж байна. Хамтарсан Засгийн газрын гэрээ байгуулагдаж, гэрээнд Ардчилсан намын бүлгийн саналаар орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, иргэд болон хувийн хэвшилд эрх чөлөөг олгох зүйл заалтыг тусгасан.
"Нутагтаа эзэн Монгол" хуулийн үзэл санаа нь хөдөө эзэнгүй боллоо гэсэн агуулгатай. 2020 онд орон нутгийн төсөв 30 хувь байсан бол одоо 20 хувь болж буурсан. Төсөв санхүү нь ийм хумигдмал байгаа учраас л Улаанбаатар руу хэт төвлөрөл үүсч байна. Үндсэн хуулийн үзэл санаагаа амилуулах цаг болжээ. Ховд, Увс аймгийн Засаг даргыг дээрээс нь томиллоо. Тэгвэл тэнд Засаг дарга ажиллах ямар шаардлагатай юм бэ.
"ЗАСАГ ДАРГА, МАЛЧИН НЬ МЭДЭЭГҮЙ БАЙХАД АЙЛЫН ӨВӨЛЖӨӨГ НЬ ЛИЦЕНЗ БОЛГОЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Миний хувьд аймгийн Засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажилласан. Аймаг орон нутаг бие даан хөгжих, өөрсдөө асуудлаа шийдэхэд тулгамдаж буй асуудлын нэг бол босоо томилгооны асуудал. Нэг хүнд зориулж, яам байгуулдаг. Тэр сайд нь өөртөө зориулж, аймагтаа босоо томилгоог хийдэг. Энэ тогтолцоо улам батжиж, орон нутгийн 26 агентлагийн 24-ийг нь босоо томилгоогоор томилж байна. Үндсэн хуульд аймаг, сум нь нийгэм эдийн засгийн цогцолбор байна гэж тусгаж зааж өгсөн. Аймгийн Засаг дарга нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийднэ гэсэн. Харамсалтай нь өнгөрсөн 20 жилд Улаанбаатар төвтэй улсыг байгууллаа.
Хэнд халамж, дэмжлэг хэрэгтэй байгаа вэ гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс нь сум, аймгийн Засаг дарга нар байдаг.
Гэтэл өнөөдөр аймаг, сумын Засаг дарга нар дээрээс хуваарилж ирсэн хэдэн төгрөгийг батлуулж, гарын үсэг зуруулдаг эрх мэдэлгүй хүн болсон. Аймаг, сумын Засаг дарга, малчин нь мэдээгүй байхад айлын өвөлжөөг нь лиценз болгоод өгчихсөн байдаг. Тэр битгий хэл сумын сургууль, цэцэрлэгийн захирлын томилгоог хотоос хийж байна. Энэ бүхэн хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-2025 оны төсөв дээр зарим аймгийн төсөв 260 тэрбум төгрөг бол заримынх нь 20 тэрбум төгрөг байна. Энд улс төрийн нөлөө үзүүлж, даргын аймаг их төсөвтэй байдаг гаж тогтолцоотой байна. Энийг засах арга зам нь орон нутгийн эрх мэдлийг сайжруулах юм. Энэ бол Ардчилсан намын бүлэг гэхгүйгээр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахын тулд санал болгож байгаа хуулийн төсөл юм.