Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе,үзэл бодол” нэвтрүүлгийн өчигдрийн /2024-04-16/ дугаарт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа гурилын үнийн талаар сэтгүүлчийн асуултад тодорхой хариулт өгч, энэ салбарт үүсээд буй нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадварт гурилын үнийн өсөлт хэрхэн нөлөөлж буй болон цаашид Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар ярив.
Сүүлийн жилүүдэд улаан буудайн тариалалтыг дэмжиж төрөөс татаас өгсөөр байтал гурилын үнэ өссөн нь энэ салбарын хэдхэн компани үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг болсон. Иймд гурилын зах зээлийг тэлж, үнийг бууруулж, иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулж буй байдлыг зогсоох ёстой гэж Засгийн газрын зүгээс үзэж байна.
Иргэдийн өдөр тутамд иддэг гурил, гурилан бүтээгдэхүүнийн үнэ нийт барааны үнийн өсөлт дунд 60-70 хувийг эзэлж буй статистик гарчээ. 2022 оны дунд үеэс гурилын үнэ огцом, тасралтгүй өссөөр байгаа юм. Жишээ нь 50 кг нэгдүгээр гурилыг 65 мянгаар авдаг байсан бол сар бүрийн үнийн өсөлт нэмэгдсээр нэг жилийн дараа 120-130 мянган төгрөгөөр авдаг болсон. Иймд шалтгааныг тогтоохоор Засгийн газар ажилласны үндсэнд улаан буудайн үнэ төдийлөн нэмэгдээгүй ч гурилын үнэ 2-3 дахин өссөн үзүүлэлт гарсан байна.
Гурилын салбарынхан үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн гэдгийг ШӨХТГ-аас хяналт шалгалт хийх явцдаа олон нийтэд зарлаж байсан юм. Ингээд тус газраас гурилын үйлдвэрүүдэд тодорхой хэмжээний торгууль тавьсан ч торгуулиа төлөхгүйгээр шүүхэд хандсан байна. Шүүхийн шатанд асуудлыг шийдэхгүй өнөөдрийг хүртэл хүлээгдэж байгаа.
Хэрэв шүүхийн шийдвэр эцэслэн гарахыг хүлээвэл иргэдэд учирч буй үнийн дарамт ойрын хугацаанд шийдэгдэхээргүй удаашрах төлөвтэй байгаа тул Засгийн газраас хуулийн төсөл санаачилсан юм. УИХ-аар хэлэлцэхийг дэмжээд байгаа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдсанаар энэ салбарын зах зээл дээрх өрсөлдөөнийг нээж, гадаадаас чанартай, хямд гурилыг импортын татваргүйгээр оруулж ирэх боломжтой болно гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн үеэр онцолж ярив.
Ч.Анхныжаргал