УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Эрүүл мэндийн даатгалын сан энэ онд нэлээн өртэй гарч байгаа. Ирэх онд энэ оных шиг нөхцөл үүсэх юм биш биз. Хоёрдугаарт, аймгийн төвүүдийн нэгдсэн эмнэлгийн компьютер томографи зэрэг тоног төхөөрөмжүүд хуучирсан тул шинэчлэх шаардлага байна. Улсын хэмжээнд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай хэчнээн эмнэлэг байна вэ?
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэтгэврийн санд 4.7 их наядын алдагдал үүссэн тухай ярих болоо. Ямар байдлаар үүссэн алдагдал вэ. 2025 онд алдагдлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Энэ оны эхний байдлаар даатгалын сангийн авлага 218 тэрбум байсан, оны төгсгөлд нэмээд 200 орчим тэрбум төгрөгийн өртэй гарах эрсдэл байна.
Ирэх оны төсөв дээр 305 орчим тэрбум төгрөгийн нэмэгдэл тусгасан. Авлага, өр зээлийн 90 хувь нь ирэх оны төсөв дээр шийдэгдэж суусан.
Бүх аймгийн нэгдсэн эмнэлэг дээр компьютер томографи суурилагдаж дууссан. MR тоног төхөөрөмж зарим нэг бүсийн оношилгоо эмчилгээний үйлчилгээний төвд байх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот орохгүйгээр тухайн бүсдээ оношилгоогоо, эмчилгээгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг бодлого барьж байна. Тийм учраас ирэх жил хөдөө орон нутагт шаардлагатай оношилгоо эмчилгээ, мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдэх зорилгоор 45 тэрбум төгрөг төсөвт тусгасан. Тиймээс ирэх жилээс 21 аймагтаа оношилгоо эмчилгээгээ хийлгэх боломж биеллээ олно.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Тэтгэврийн даатгалын сан дээр ирж байгаа 4.7 их наяд төгрөгийн алдагдал бол улс төрийн богино хугацааны шийдвэрээс болж гарсан эрсдэл. Энэ хэмжээний алдагдлыг бодитойгоор хүлээчихээд байна. Задаргааг нь түрүүн Мөнхтуяа гишүүний асуултад хариулахдаа хэлсэн.
Энэ жил Тэтгэврийн санд үүссэн 1.4 их наядын алдагдлыг төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байна.
Ирэх жил 2 их наяд, 2026 онд 2.6 их наяд, 2027 онд 2.9 их наяд, 2028 онд 4 их наядын алдагдлыг төсвөөс санхүүжүүлэх бодитой эрсдэл үүрлэсэн. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлээ цаг алдалгүй хийхгүй бол өөр сонгрлт байхгүй
37 насандаа тэтгэвэрт гарч байна. Энэ бүхнийг нийлүүлэх юм бол 1.4 их наядын зардлыг төсвөөс санхүүжүүлэх шаардлага үүсч байна.