Улсын хэмжээнд 5969 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх, тандах шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Үүнээс 31 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн. Харин нэг нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 боллоо.
Тус эмнэлэгт нийт 225 өвчтөн байснаас хүүхэд болон насанд хүрсэн 141 хүнийг тусгаарлах байр луу шилжүүлсэн байна. Мөн тус дүүргийн 28 хорооноос 20 цэгт дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж буйг Баянзүрх дүүргийн онцгой комиссын дарга Н.Баянмөнх хэллээ.
Тус эмнэлгийн голомттой холбоотой 1136 хавьтал байгаа бөгөөд эхний ээлжинд авбал зохих бүх хавьтлаас шинжилгээ авч, 62 тохиолдлыг илрүүлсэн. Тодруулбал, тус эмнэлгийн эмч ажилтан 302, өвчтөн 225, сахиур 93, гэр бүлийн хавьтал бүхий 596 хүнийг бүрэн шинжилгээнд хамруулсан, өнөөдрөөс давтан шинжилгээг хийх гэж байна.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дотор байгаа эмч, ажилтнууд, хэвтэн эмчлүүлэгчдийг өвчлөл гарсан өдрөөс эхлэн эрэмбэлэн ангилсан. Эхний ээлжинд ойрын хавьтал бүхий эмч ажилтан, эмнэлгээс гарах гэж байсан иргэдийг ажиглан тусгаарлах байр руу шилжүүлж, тусгаарласан. Мөн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор өвчний байдал нь хөнгөн хүүхдүүд, халдварт огт өртөөгүй бусад тасгийн хүүхдүүдийг тусгаарласан байна.
Одоогоор тус дүүргийн эмнэлэгт нийт 85 хүн хэвтэн эмчлүүлж, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа юм. Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Хэрэв зайлшгүй гарах тохиолдолд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар хангах шаардлагатай юм.