Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг хүргэсэн. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрээр “Улсын онцгой комиссын шийдвэрээр арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон билээ. Харин иргэдийн хүсэлтээр Франкфурт руу нэмж нэг нислэг хийхээр болсон тул нийт дөрвөн удаа нислэг үйлдэх юм. Франкфурт чиглэлд нэг удаа том онгоцоор тусгай нислэг хийхээр төлөвлөсөн байсан ч тусгай захиалгат ачаа зөөвөрлөх хуваарьтай байгаа тул ийнхүү хоёр удаагийн нислэг хийхээр болсон. Ингээд арванхоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Франкфурт уруу нислэг хийхээр боллоо. Энэ сард хийх тусгай нислэгээр 720 иргэн эх орондоо ирнэ.
Санхүүгийн хямралд орсон байгаа иргэдэд бид тодорхой хэмжээний тусламж үзүүлдэг. Тийм учраас иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тасалбар, тусгаарлалтын байрны зардлыг гаргахаар болсон. Агаарын замаар иргэдийн татан авах ажил цаашдаа үргэлжилсээр байх болно.
Монгол Улсаас Япон улс руу зорчих хүсэлтэй 1200 гаруй иргэд байгаа. Эдгээр иргэдийг Япон улс руу хүргэж өгөх ажил аравдугаар сараас хойш хийгдэж байгаа. Тус ажлын хүрээнд энэ сарын 19, 20-ны өдрүүдэд нислэг үйлдэнэ. 20-ны нислэгээр иргэдийг Япон талаас авах мөн Япон улсаар дамжин гуравдагч улсаас ирэх иргэдийг эх оронд нь ирүүлэх зохицуулалтыг хийж байгаа.
ӨМӨЗО-нд ОХУ-аас очсон ачаа тээврийн жолоочоор дамжин халдвар гарсантай холбоотойгоор боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж байна. Үүнтэй холбоотойгоор холимог гэр бүлүүдийг хил гаргах асуудал удааширч байгаа. ГХЯ энэ асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байна. ӨМӨЗО болон манай улсад дотоодын халдвар гарсантай холбоотойгоор ачаа тээврийн эргэлт огцом буурсан. Тиймээс энэ асуудал дээр ГХЯ онцгой анхаарч, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод консулын ажилтан томилогдон ажиллаж яриа хэлэлцээг тогтмол хийж байгаа" гэлээ.