Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг цагдан хорьсон. Түүнийг Ардчилсан намын засгийн газрын үед хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг шалгасан шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулж саатуулсан тухай эх сурвалж мэдээлжээ. Түүнтэй хамт Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан М гэгчийг мөн саатуулсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан байна.
АТГ-аас Ардчилсан намын үед хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгаж эхэлжээ. Уг шалтгалтаар багагүй зөрчил илэрсэн учраас тэднийг энэ асуудлаар баривчилсан байж болзошгүй аж.
Шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанк хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, гурван их наяд төгрөгийг үйлдвэрлэж тараасан гэж МАН-ынхан буруутгадаг. Энэ хөтөлбөрийг шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс ч бий. Улсын Ерөнхий прокурорын үүрэг болгосны дагуу томоохон төсөл хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт АТГ-ынхан багтсан юм.
эх сурвалж: medee.mn