Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дахь “Шивээ овоо” ХК-ийн нүүрсний олборлолтын явц хэвийн, өвлийн бэлтгэлийн 93 хувийг хангажээ.
- Дотоодын нүүрсний хэрэглээний 28 хувь,
- “ДЦС4” ТӨХК-ийн нүүрсний 50 хувийг нийлүүлдэг “Шивээ овоо” компани жилд 2 сая гаруй тонн нүүрс олборлон боловсруулдаг.
2017 оны төлөвлөгөөгөө давуулсан байна. Харин тоног төхөөрөмжийн 40 хүртэл хувийн насжилт нь гүйцэж, ашиглалтын хугацаа дууссан нь хөрс хуулалт удаашрахад гол нөлөө үзүүлдэг аж.
2011 оноос хойш хөрс хуулалт хоцорсоор өнөөдрийн байдлааар 186 сая/м.куб–ээр хоцролттой болж. Түүнчлэн олборлолт, нийлүүлэлтийн явцад нэг тонн нүүрс тутамд 1000 төгрөгийн алдагдал хүлээж, жилд 45 тэрбум төгрөгийн орлого олж, 46 тэрбум төгрөгийн зарлагын баланстай байгаа аж.
Техникээ бүрэн шинэчлээгүй, нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, америк долларын ханш чангарснаар тонн нүүрс тутамд 3000 хүртэл төгрөгийн алдагдал хүлээх нөхцөл үүссэнийг компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
“Эрдэнэс Монгол” ХХК “Шивээ овоо” нүүрсний уурхайд дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон нь ирэх жилүүдэд алдагдлаас гаргах боломжийг бүрдүүлнэ хэмээн найдаж байгаа аж. Мөн уурхайг түшиглэн эрчим хүчний эх үүсвэр байгуулах, тоног төхөөрөмж шинэчлэх, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах замаар тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, энэ уурхайн үйл ажиллагааг жигдлэх нь зүйтэй гэв.
Ирэх долоо хоногт тус үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулж, өр төлбөрөөс гаргах, парк шинэчлэлт хийхэд шаардагдах оновчтой тооцоолол, цахилгаан эрчим хүчний дэд станц байгуулах төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг “Эрдэнэс Монгол”, “Шивээ овоо” компанийн удирдлагуудад үүрэг болгосон юм.
Ирэх оны тавдугаар сарын 15-аас нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглоно. Иймд холбогдох байгууллагууд ДЦС4 –т нийлүүлэх нүүрсний нийлүүлэлтийг байнга хянаж ажиллахыг анхаарууллаа.
Мөн зөвшөөрөгдснөөс бусад тохиолдолд сайжруулсан түлш бэлдэх, утаагүй түлш гаргах нэрээр /Улаанбаатар хот дотор/ төрөл бүрийн туршилт хийхгүй байх, олон нийтэд түүхий нүүрс худалдаалах зэрэг хууль бус үйлдэл гаргахыг хатуу хориглож буйгаа Ерөнхий сайд дээрх компанийн удирдлагуудад анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.