Дэлхийн шуудангийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 9-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Япон Улсын нийслэл Токио хотноо 1969 онд болсон Их хурлаас Дэлхийн шуудангийн холбоо байгуулагдсан 1874 оны аравдугаар сарын 9-ний өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр энэхүү өдөр нь Дэлхийн шуудангийн өдөр хэмээн улаан өнгөөр тэмдэглэгдэх болсон юм.
Дэлхийн шуудангийн өдрийг тэмдэглэхийн зорилго, ач холбогдол нь хүмүүсийн өдөр тутмын аж амьдралаас эхлүүлээд даяаршин буй дэлхий ертөнцийн нийгэм, эдийн засгийн хөгжилд Шуудангийн гүйцэтгэж байгаа үүргийг танилцуулахад оршдог.
Дэлхийн шуудангийн холбооны гишүүн орнууд энэ өдөр хэрэглэгчдэдээ шинэ үйлчилгээгээ танилцуулах, шуудангийн салбар, музей, ялган боловсруулах төвүүд нээлттэй өдөрлөг зохион байгуулах зэргээр тэмдэглэдэг. Мөн Дэлхийн шуудангийн холбооноос жил бүр зохион байгуулдаг өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн олон улсын уралдааны ялагчид шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүлдэг юм.
Дэлхийн шуудангийн холбооны 2016-2018 онуудын Шуудангийн өдрийн зурагт хуудаснаа стратегийн тулгуур гурван зорилт шинэчлэл, нэгдэл, оролцоог илэрхийлжээ. Зурагт хуудсанд цэнхэр, алтлаг өнгөөр шинэчлэлийг, гар гараасаа барилцсан дүрслэлээр нэгдэл, оролцоог харуулсан нь хүмүүст мэдлэгээ хуваалцах боломжийг олгох, хүн бүрт шуудангийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж дэлхийн бүх хүмүүсийг шуудангаар холбоно гэсэн санааг илтгэж байгаа юм.