Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гйүцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн мэдээлснээр Амгалан дулааны станц, II, III, IV цахилгаан станцууд нийтдээ 295 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 259 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувьтай, станцууд 12-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, ОСНААУГ, УСУГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК зэрэг Инженерийн хангамжийн 12 байгууллага өвөлжилтийн бэлтгэл хангахаар 349 ажил төлөвлөснөөс 337 ажлыг гүйцэтгэж 97 хувийн биелэлтэй байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжийн цас арилгах 2472.08 тонн тусгай зориулалтын бодис, 1420.8 тонн давс нөөцөлсөн байна.