Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон улс орон даяар тэмдэглэдэг болоод зургаан жил болох гэж байна. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой тохионо.
Мөн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар 2012 онд хуульчилсан. Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гаригт тохиож байна. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ.