“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн тогтвортой хөгжил, багш, ажилчдын” түр хороо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын багш нарын нэгдэл” ТББ, “Багшийн цалин нэмэгдүүлэх” ТББ-аас Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилсныг эсэргүүцсэн. Тэд Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэдэгдэл хүргүүлсэн юм.
Иймд Төрийн албаны зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарласан байна.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын гуравдугаар зүйлийг үндэслэн АШУҮИС- ийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулна.
Уг албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэд тодорхой шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд өөрийн биеэр бүртгүүлэх юм байна.
Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газрын гуравдугаар байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2 давхарт 215 тоот өрөөнд 2018 оны энэ сарын 22-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт явагдана гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Одоогоор АШУҮИС-ийг үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон удирдаж байгаа юм.