Үр тарианы хураалт эхлэл төдий байна. Тариалангийн төвийн бүс нутгуудаар 9-р сар гарснаас хойш хур тунадас ихтэй байгаагаас ажил жигдэрч чадаагүй байгаа юм.
Одоогоор Сэлэнгэ, Дорнод аймгуудын зарим сумд болон ААН-үүд ургацаа хурааж эхэлжээ. Төмсний хураалт 12 хувь, хүнсний ногооны хураалт 15 хувь, нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд үр тарианы хураалт 3-5 орчим хувьтай явж байна. Урьдчилсан балансаар авах ургацынхаа хэмжээг улаан буудай болон төмсний дотоодын хэрэглээг 100 хувь, хүнсний ногооны 56 хувийг хангахаар тооцоолоод байгаа.
Хүнсний ногооны дотоодын хэрэглээг 100 хувь хангах зорилгоор 2017 онд “Хүнсний ногоо” хөтөлбөр баталсан .Энэ хөтөлбөрийн зорилт нь 2020 он гэхэд төмс хүнсний ногооны бусад хэрэглээгээ дотооддоо 100 хувь хангах юм. Гэхдээ үүнд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тухайлбал техник тоног төхөөрөмжөөс эхлээд үр сортын шинэчлэл байцаа сонгино сармис, улаан лооль, хэмх зэргээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах, улмаар тариалангийн талбайг өргөжүүлэх, өвлийн хүлэмж болоод зоорь агуулахын тоог нэмэгдүүлэх зэрэг багтжээ. Ургацаа нэмэгдүүлэх боломж байлаа ч хураах зоорь дутмагаас тариалангаа өргөжүүлэх боломж бага гэж тариаланчид ярьж байна.
Одоогоор улсын хэмжээнд 30 гаруй өвлийн хүлэмж бий. Үүний тал хувь нь л идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг ажээ.