Ардчилсан оюутны холбоо их, дээд сургуулиудын удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, тэд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 92 их, дээд сургуульд төлбөр нэмэх болсон шалтгаанаа тайлбарлах зургаан заалт бүхий шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагын хариуг долоо хоногийн хугацаанд ирүүлэхгүй бол бүх сургуулиудыг зарлаж олон нийтэд танилцуулах юм байна.
Яамны зүгээс сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж ирсэн ч энэ жил их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэх асуудалд хатуу бодлого баримтлахгүй байгаа аж. Үүний улмаас МУБИС 126-177, АШУҮИС 159-299, МУИС 200-386, ШУТИС 251-317 мянган төгрөгөөр нэмсэнд эсэргүүцлээ илэрхийлж буй юм байна.
Энэ талаар Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадорж хэлэхдээ “Өнгөрсөн 14 жилийн хугацаанд их, дээд сургуулиуд 50-80 хувиар сургалтын төлбөрөө нэмсэн. Гэтэл төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ нэмэгдээгүй. Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг ч сургалтын чанар, багш нарын заах арга дээр анхаарлаа хандуулдаггүй. Тиймээс бид чухам яагаад, ямар учраас нэмсэн, юунд зарцуулах болсон талаар асууж шаардлага хүргүүлж байна” гэжээ.