Монголын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж “хүн хулгайлсан” байж болзошгүй хэрэг өнөөдөр гарчээ. Тодруулбал, 13.00 цагийн орчимд Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай /Veysel Akcay/-г хар өнгийн "Старекс" маркийн автомашинтай үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас 'хулгайлж', улмаар онгоцны буудал руу авч явсан талаарх мэдээлэл Туркийн зарим сайт болон Twitter хуудаснаа нийтлэгдэж дуулиан дэгдээд байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, хүн хулгайллаа гэсэн гомдлын мөрөөр ажиллаж байна гэв. 20 гаруй жил манай улсад ажилласан Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчайгийн талаарх мэдээлэл одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна. Туркийн талаас хэвлэл мэдээллээр дамжуулж байгаагаас үзвэл түүнийг Монголын газар нутаг дээрээс баривчиллаа гэж үзэж байгаа бололтой. Хэрэв тийм бол олон улсын холбогдох гэрээ, конвенциудыг зөрчиж байгаа хэрэг болох ажээ.