Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг өнөөдрөөс буцаан олгож эхэллээ. Энэ жилийн тухайд давхардсан тоогоор 28407 даатгуулагчид 2.3 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.
Даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлээ авахын тулд үндсэн ажлынхаа харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандах шаардлагатай. Шаардлагатай бичиг баримтын тухайд:
- Баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр
- Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр
- Иргэний үнэмлэх
- Даатгуулагчийн нэр дээр нээсэн банкны харилцах дансны тодорхойлолт зэргийг авч очих ёстой юм.
Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн хүсэлтийг хүлээн авч, илүү төлсөн шимтгэлийн тооцооллыг хийсний дараа банкин дахь харилцах данс руу нь шилжүүлэх юм. Дашрамд мэдээлэхэд, даатгуулагчийн илүү төлсөн шимтгэл гэдэг нь үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгох явцыг хэлдэг.