Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталж байсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Энэ зээлээр шинэчлэх 311 км зам нь худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзжээ.
Манай улсын авто замын өнөөгийн сүлжээ 48,538 километр. Гэвч 13 хувь нь л хатуу хучилттай. “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-өөр Монгол Улсыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Оросын Холбооны Улстай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд их засвар шинэчлэлт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах юм.
Төслийн хүрээнд авто замд замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбарууд байршуулснаар замын аюулгүй байдал сайжирна. Мөн авто замд аюулгүй байдлын хараат бус аудит хийнэ.