Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар өчигдөр 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.
Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сум цахилгаангүй болоод байсан.
Энэ хангайн бүсийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харъяа Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас нийт засварын 6 бригадын 68 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Одоогийн байдлаар Булган, Дундговь, Төв аймгийн 12 сумын цахилгааныг өгч, хэвийн ажиллагаанд оруулжээ. Харин одоогоор дөрвөн аймгийн 53 сум цахилгаангүй байна.