Нийслэл дэх цэцэрлэгийн бүртгэлийг хоёр дахь жилдээ цахимаар явуулах бөгөөд энэ жилийн бүртгэл долдугаар сарын 25-нд эхэлж, наймдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ. Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхэд хамрагдах юм байна. Харин анги дэвшиж буй хүүхдийг тухайн цэцэрлэгт наймдугаар сарын 21-23 нд уламжлалт аргаар бүртгэнэ.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт шинээр хамруулах гэж байгаа бол http://tsetserleg.ulaanbaatar.mn/register хаягаар бүртгүүлэх боломжтой. Уг вэб рүү ороод хүүхдийнхээ регистерийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах боломжтой талаарх мэдээлэл гарч ирэх аж. Улмаар эцэг, эхийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх иргэнд очно.
Цахимаар бүртгүүлснээр цэцэрлэгт хүүхэд элсүүлж буй тоо, мэдээлэл ил тод, нээлттэй харагдах юм. Гэхдээ цахимаар бүртгүүлснээр цэцэрлэгт хамрагдсан гэж ойлгож болохгүй юм байна. Тухайлбал, нэг ангид 40-өөс олон хүүхэд авах боломжгүй ажээ. Цахимаар бүртгүүлж, улмаар элсэх эрх нь нээгдсэн хүүхдийн нэрийг цэцэрлэгийн гадна нээлттэй байлгах гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.