УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчлэн батлаад байгаа. Төрийн үйлчилгээний 70 хувь нь бүртгэлийн байгууллага дээр байдаг аж. Бүртгэлийн багц хуулийн хүрээнд хэд хэдэн том шинэчлэл хийжээ.
Тодруулбал, бүртгэлийн байгууллагад байдаг 122 төрлийн мэдээллээс 10 нь л нээлттэй байсан бол бусад мэдээлэл нь нууц байсан учраас иргэдэд хүрдэггүй байсан юм. Энэ хуулиар тодорхой мэдээллүүдийг ил болгожээ. Мөн Улсын бүртгэлийн газраас харьяалал харгалзахгүй 10 төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна. Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээсэн орон нутгийн харьяалалтай иргэн Улсын бүртгэлээс иргэний үнэмлэхээ захиалж болох юм байна. Мөн ирэх арваннэгдүгээр сараас ТҮЦ машиныг ашиглалтаас гаргах юм байна. Нотариат дээр очоод тухайн хүн хурууны хээгээ уншуулахад бүх мэдээлэл нь гарч ирэх аж. Мөн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгох юм байна.
Тус хууль ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөвчлөх зорилгоор ТҮЦ машиныг “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” төслийн хүрээнд 2012 оноос хэрэглэж эхэлсэн юм. Хөдөө орон нутагт 74 машин байдаг бол нийслэл хотод 34 машин байдаг аж.