“Мах, сүүний анхдугаар аян”-ы төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Хурлаар 'Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээний төлөвлөгөө'-г хэлэлцсэн. Энэ оны хувьд цэвэр өсгөврийн хөрөнгийн үйлдвэр, хүүхдийн сүүний үйлдвэр, эрүүл мэндэд чиглэсэн, импортыг орлох үйлдвэр, махны хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж, орон нутагт сүүний үйлдвэр, отрын бүс нутагт тэжээлийн агуулах, өвчний саравч, хамгаалалтын хашаа тус тус байгуулан, бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, сүүний салбарт техник технологийн шинэчлэл хийн, үржлийн сарлаг худалдаж авахаар төлөвлөөд байна. Аяны хүрээнд энэ сардаа багтааж, Малын удмын сангийн үндэсний цогцолбор нээлтээ хийнэ. Мөн каракуль үүлдрийн хонины аж ахуй байгуулах асуудал шийдвэрлэгджээ.
“Мах, сүүний анхдугаар аян”-ы төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле аяны хүрээнд хэрэгжиж буй бүх ажил хариуцах эзэнтэй байх ёстой гэсэн зарчим баримтлан, ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажилтайгаа холбоотой нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөн, хийсэн ажлуудаа нэг бүрчлэн тайлагнаж, биелэлтээ танилцуулах үүрэг өглөө.
2020 он хүртэл хэрэгжих 'Мах, сүүний анхдугаар аян'-ы хүрээнд 5 зорилт бүхий тодорхой 50 ажил хийх төлөвлөгөө гарсан. Тодруулбал, мах, сүүний анхдугаар аяныг зохион байгуулах эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх, тэжээлийн тариалан, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн зорилт дэвшүүлжээ.
Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд малын үүлдэр угсааг сайжруулах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал угаалгын ажлыг эрчимжүүлэх, мах, сүүний чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, техник технологийг шинэчлэх гээд тодорхой ажлууд хийж байгаа юм.