Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Засгийн газрын 126 дугаар тогтоолын дагуу Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн 150 жилийн ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ахалж, орлогчоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ажиллаж буй. Зохион байгуулах комиссын хурал өнөөдөр БСШУСЯ-нд болж, ойн арга хэмжээг энэ оны турш хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг эцэслэн гаргалаа. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний түүхийн музей, Үндэсний архивын газар, “Хичээнгүй сайд сан” төрийн бус, байгууллага хамтран “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд энэ сарын 15-27-нд дэлгэн олон нийтэд үзүүлнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр “Хичээнгүй сайдынхан” номын нээлт мөн болно.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн үр, хүүхэд, ач, зээ нарынх нь байгуулсан “Хичээнгүй сайд сан”-гаас "Монгол шуудан" ТӨХК, Монголын марк цуглуулагчдын холбоотой хамтран “Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1868-1928” нэртэй марк хэвлүүлж, худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Харин ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” сэдэвт баримтат кино болон 130, 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлүүлэхээр боллоо. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж нь Монгол төрийн анхны Элчин сайд хүн байсны хувьд Гадаад харилцааны яамнаас түүхэн ойн арга хэмжээнд ач холбогдол өгч, түүхчид, судлаачид, эрдэмтэд оролцсон “Ерөнхий сайд Б.Цэрэндорж: Амьдрал, тэмцэл, үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний томоохон хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 23-нд зохион байгуулахаар тогтов. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг өлгийдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн Улаанбаатар хотод байх хөшөөнд Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр арга хэмжээ дуусах төлөвлөгөө гарлаа.