Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарлаж байсан билээ.
Тэрээр өнгөрсөн сард "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдан оролцсон. Тэгвэл Ж.Уранчимэгийг тус нэвтрүүлэгт орсны дараахан нэгэн залуу гэр бүл түүнтэй холбогдож байр бэлэглэхээр болсноо дуулгасан байна. Сайхан сэтгэлт залуу хос сувилагч бүсгүйд хэлсэндээ хүрч байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардууллаа. Энэхүү үйл явдлыг "Цензургүй сурвалжлага" багийнхан шууд дамжуулсан юм.
Ж.Уранчимэг гурван охинтой өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өвчиндөө шаналж явсан түүнд туслахыг хүссэн хүмүүсийн эмчилгээний зардал нь бүрдэж ирэх 7 хоногт Энэтхэг улсыг зорихоор болсон давхар баяртайгаар энэ өдрийг угтлаа.