Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баянзүрх дүүрэг энэ оныг ‘’Хүүхдийн хөгжлийн жил’’ болгон зарлаж багагүй ажлыг өрнүүлээд байгаа бөгөөд өнөөдөр дүүргийн Соёлын ордонд 28 хорооны төлөөлөл болсон 1500 гаруй хүүхэд, багачуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Г.Болормаа, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон эцэг эх, хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад зохиолч, найруулагч Б.Бат-Өлзийн ‘’Наран ээжийн эрэлд’’ хүүхдийн жүжгийг толилуулж, урилгаар ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.