Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 14 банкны өөрийн хөрөнгийг энэ оны эцэс гэхэд 511 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх үүргийг Монголбанкнаас өгч байгаагаа тавдугаар сарын 31-ний өдөр зарлалаа.
Монгол Улс Олон улсын валютын сантай байгуулсан Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу банкны салбарыг чадавхжуулах шат дараалсан арга хэмжээ авахаар тусгагдсан. Энэ дагуу арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээ зургаан сарын турш хийж дуусгаснаа энэ оны хоёрдугаар сард Монголбанк мэдээлсэн.
Энэхүү үнэлгээг Чехэд бүртгэлтэй Pricewaterhouse Coopers Českárepublikas.r.o. компани хийж гүйцэтгэсэн бөгөөд Монголын арилжааны банкуудад 511 тэрбум буюу ДНБ-ний 1,9 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгө дутагдаж байна гэсэн үнэлгээг өгчээ.
Активын чанарын үнэлгээг Монголын арилжааны банкууд амжилттай давсан, банкны салбар харьцангуй эрүүл гарсанд олзуурхаж байгаагаа Монголбанкны удирдлага мэдэгдэж байсан. Энэ байр сууриа ч Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн долоо хоногт дахин илэрхийллээ. “Нийт 511 тэрбум төгрөгийн хөрөнгө нэмэх шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ нь ДНБ-ний 1,9 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгө дутуу байна гэж үзсэн. Үүнээс үзэхэд банк санхүүгийн салбар эрсдэл багатай байна, банкны систем бүхэлдээ эрсдэлгүй байна. Дутагдаж байгаа хөрөнгийг нэмэгдүүлэх бизнес төлөвлөгөөг бүх банкнаас авсан. Дутагдаж байгаа хөрөнгийг 2018 онд босгох даалгаврыг банкуудад өгсөн” хэмээн Н.Баяртсайхан хэллээ. ОУВС-гийн эхний урьдчилсан үнэлгээгээр дахин хөрөнгөжүүлэх хэмжээ ДНБ-ий 7 хүртэл хувьтай гарч магадгүй гэсэн таамгыг хийж байсан юм.
2018 он дуустал долоон сарын хугацаанд банкууд дутагдаж байгаа хөрөнгийг босгох үүрэг хүлээж байгаа бөгөөд өөрсдийн хүчээр хөрөнгө босгож чадаагүй банкууд дараагийн шатанд шинээр хөрөнгө оруулагч татах алхамд шилжих юм. Хэрэв хөрөнгө оруулагч татаж чадахгүй бол төрийн оролцоотой зохицуулалт хийгдэнэ гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан онцолжээ.
Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх төслийг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд энэ долоо хоногоос холбогдох Байнгын хороодоор хэлэлцэгдээд явах хүлээлттэй байна.
Монголбанкны зүгээс салбарын хэмжээнд шаардагдаж байгаа хөрөнгийн хэмжээг зарласан ч арилжаа 14 банк тус бүрт байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Дунджаар авч үзэхэд нэг банкинд 36 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгох дзр зураг харагдаж байна.
ОУВС-гийн зөвлөмжөөр хийж буй энэ алхмыг банкны салбарт сүүлийн 20-30 жилд хийгдээгүй томоохон өөрчлөлт гэж томъёолж байна.