Хөдөө орон нутгийн оюутнууд эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалын хөнгөлөлтөд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Орон нутагтаа даатгалаа төлсөн оюутан дүүргийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч болдог ч хөнгөлөлттэй үнээр эм авах боломжгүй юм. Учир нь гэрээтэй эмийн сангууд нэгдсэн санд үүссэн жагсаалтын дагуу харьяа дүүргийнхээ иргэдэд энэ хөнгөлөлтийг үзүүлдэг байна.
Манай улсад 96 дээд боловсролын байгууллагад 155 мянган оюутан суралцаж байна. Оюутнуудын 55,2 хувь буюу 85 мянга гаруй нь орон нутгийн харъяалалтай. Энэ оны эхний улирлын байдлаар оюутнуудын ердөө 10 хувь буюу 14500 нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.
Уг нь даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан 183 нэр төрлийн 800 орчим эмийг 40-80 хувийн хөнгөлттэй үнээр авах эрхтэй. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх, үзлэг оношлогоонд орох зэрэг 14 төрлийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд авдаг. Эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэж чадахгүй байгаа нь даатгалд хамрагдаагүй, эсвэл хөдөө орон нутагтаа даатгуулсан зэрэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл эмийн санч хөнгөлөлттэй жороор эм олгохдоо иргэний үнэмлэхийг нь заавал шаарддаг байна. Ингээд бичиг баримт нь орон нутгийн харьяалалтай бол хөнгөлөлт эдлэх боломж хаагддаг. Журмын дагуу сургуулийнхаа тодорхойлолтоор даатгалд хамрагдаж болох ч оюутнуудын дунд хамрагдалт хангалгүй байгаа юм.
Оюутнууд төдийгүй иргэд мэдлэг мэдээлэл муутайгаас эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй. Заавал даатгуулах даатгал гэдгийг ойлгодоггүйгээс ийм байдал үүсдэг аж.