Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.
-АТГ-ын удирдлагуудад Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг дэвшүүллээ. Тэд тавигдах шаардлагыг хангаж байгаа юу?
-Санал асуулгын дүн мягмар гаригийн орой гарч, лхагва гаригийн өглөө нийтэд зарласан. Д.Даваа-Очир, Ж.Батсайханы нэрийг УИХ-д хүргүүлээд байна. Хамгийн их санал авсан 10 хүний дотор шалгуур хангахгүй хүмүүс байсан. Тухайлбал, би байна. Сүүлийн таван жил улс төрийн алба хашаагүй гэдэг шалгуураар би хасагдаж байгаа юм. Дэд даргын хувьд Ж.Батсайхан гэж хүнийг нэр дэвшүүлж байгаа. Энэ хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээллийг ЕрөнхийлөгчийнТамгын газрын албан ёсны вэб сайтаас авч болно.
-Дээрх хоёр хүнийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй. Гэтэл энгийн иргэд энэ хоёрыг яаж мэдэж санал өгсөн юм бол. Энэ санал асуулга шударга болсон гэж итгэж болох уу?
-Би өмнө нь мэдээлэл хийхдээ АТГ-ын даргад тохирох хүн бол төрийн албанд 15 жил ажилласан, хуульч байх ёстой гэдгийг маш сайн анхааруулсан. Мөн гүйцэтгэх ажлын туршлагатай, удирдах алба хашиж байсан хүнийг нэр дэвшүүлэх шаардлага тавьсан. Олон нийт хэн нэгний нэрийг дэвшүүлэхдээ шалгуурыг үндэслэхгүй янз бүрийн хүний нэрийг дэвшүүлсэн байгаа юм. Тиймээс бид хаа, хамаагүй оруулж ирсэн хүмүүсийн нэрийг хасч байгаад үлдсэн хүмүүсийг тодруулсан. Яаж шалгаруулсан гэдэг нь чухал биш. Хамгийн чухал нь Үндсэн хуулийн 3.1 дэхь заалтын дагуу Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Ард түмэн энэ мэдлээ шууд оролцож эсвэл өөрийн сонгосон төлөөлөгчийн байгууллагуудаараа дамжуулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн бичигтээ “Миний бие АТГ-ын даргад нэр дэвшүүлдэг бүрэн эрхээ дангаар хэрэгжүүлэхээс татгалзаж ард иргэдээсээ асууж саналаар шийдвэрлэлээ” гэдгээ дурьдсан.
-Олон нийтээс энэ хоёр хүнийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч өөрөө дэмжиж байгаа юм уу. АТГ-ын аргаар ажиллаж чадна гэж үзэж байгаа юм уу?
-Энэ хоёр хүнийг Ерөнхийлөгчид танилцуулахад дэмжсэн.
-Ерөнхийлөгч энэ хоёр хүнийг таних уу?
-Ажил төрлийн шугамаар Д.Даваа-Очирыг таних байх.
-АТГ-ын одоогийн даргын үүрэгт хугацаа нь дуусаагүй гэх мэдээлэл байна. Үүнд та тайлбар өгнө үү?
-Нөхөн томилогдсон хүн бол өмнөх даргынхаа ажилласан хугацааг хасч үлдсэн хугацаанд нь ажиллана. Хүний оронд томилогдсон учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан. 10 гаруй хуулиар ингэж зохицуулсан байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байгаа. Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулгын оронд нэг гишүүн томилогдвол 2020 он хүртэл л УИХ-ын гишүүнээр ажиллана биз дээ. Үүнтэй л ижил асуудал шүү дээ.
-Энэ хоёр хүнийг УИХ хүлээж авахгүй бол яах вэ?
-УИХ-аас АТГ-ын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, удирдлагуудыг томилох ёстой байгууллага. Олон хүн Ерөнхийлөгчийг томилдог гэж бодоод байгаа. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлдэг. Тэгэхээр УИХ л хариуцлагаа хүлээнэ. Авлигын төвшин ямар байгаа билээ. Ил цагаан авлига авчихаад ял шийтгэл авдаггүй. С.Баяр АНУ-д долоон байшин авчихаад зүгээр явж байна. Одоо л нэг сар хоригдож байх шиг байна. Энэ хэрэг 10-аад жилийн өмнө ил болсон. Нэг үгээр хэлбэл, манай хууль хяналтын байгуулгынхан ингэж л ажлаа хийж байна. Ийм байхад АТГ-ын дарга нарыг томилохгүй бол УИХ хариуцлагаа хүлээх ёстой.
эх сурвалж:www.news.mn