Нийслэлийн удирдлагууд ойрд барцад ихтэй байна. Хотын дарга Су.Батболдын хамаатнууд болон хамсаатнууд нийслэлийн тендерийн 80 гаруй хувийг залгидаг гэсэн мэдээлэл олон нийтэд ил болсноор бөөн шуугиан дэгдлээ. Наанаа маш нэр цэвэр харагдах гэж хичээдэг нийслэлийн Засаг дарга Су.Батболд үнэн хэрэгтээ тендер завшдаг сүлжээний гол тоглогч байсан уу гэдэг асуулт зайлшгүй гарч ирээд байна. Тэрбээр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар өөрийн эхнэрийн дүүг томилсон нь анхнаасаа сонирхлын зөрчилтэй байсныг олон хүн хэлдэг. Нийслэлийн төсвийн хөрөнгийг тендер болон шууд гэрээ байгуулах замаар танил тал, хамаатан садандаа дураараа өгдөг хотын даргын үйлдлийг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч, түрүүчээс нь шалгаж эхэлсэн байна.
Хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ дуулгахад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг тендер будлиулсан, завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгчээ. Иргэн Б.Батгэрэл хэмээх эрхэм Улаанбаатар хотын ерөнхий менежер хууль бус шийдвэр гаргаж, хуулийг удаа дараа зөрчиж байгаа тухай баримтуудыг түшиглэн АТГ-т гомдол гаргасан байна. Т.Гантөмөр дарга 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр “Зам талбайн цэвэрлэгээний хуваарь батлах тухай” А/21 дугаартай тушаал гаргахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж гомдол гаргагчид үзжээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр дээрх тушаалаараа “Улаанбаатар шинэчлэл” компаниас 583 сая, “Грейт роуд”-аас 698 сая, “Охь мандал” компаниас 519 сая, “Эко орчин”-оос 273 сая төгрөгийн үйлчилгээг тендер буюу сонгон шалгаруулалтгүйгээр шууд худалдан авахаар шийдвэрлэжээ. Уг нь тендерийн хуулийн 8-р зүйлийн 8.1-т заасны дагуу баталсан Засгийн газрын тогтоолд “Орон нутгийн өмчийн хөрөнгөөр үйлчилгээ шууд худалдан авч болохгүй бөгөөд харьцуулалтын аргаар 50 сая төгрөг хүртэл үнэ бүхий үйлчилгээг худалдан авч болно гэж заасан байдаг ажээ. Худалдан авах үйлчилгээ 50 сая төгрөгөөс давсан тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалт буюу тендер зарлах үүрэгтэй байхаар хуульчилжээ.
Т.Гантөмөр даргын тушаал гаргаж хийсэн худалдан авалтын мөнгөн дүн 2 тэрбум 75 сая төгрөг болж байна. Тийм учраас Авлигын эсрэг хуулийн 3-р зүйлийн 3-ын 1-т заасан “Эрх мэдлээ бусдад давуу байдал олгоход ашигласан авлигын шинжтэй үйлдэл” гэж иргэн Б.Батгэрэл үзэж, АТГ-т шалгуулахаар гомдол гаргаснаа онцолжээ. Хоёр тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгийг хамсаатан болоод хамаатан садангууддаа давуу эрхээр өгдөг иймэрхүү бохир сүлжээнд нийслэлийн Засаг дарга эхлээд, дараа нь түүний баруун гар болох Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн нэр холбогдлоо. Хотын цэвэрлэгээ, хог ачилтаас тэрбумтнууд төрдөг гэсэн явган яриа байдаг. Хэрэв энэ яриа үнэн бол иймэрхүү арга барил, сүлжээгээр ажилладаг байхыг үгүйсгэх газаргүй. Ямартай ч хотын томоохон эрх мэдэлтнүүд түрүүчээсээ АТГ-ын хаалга татаж эхэллээ.