Сүүлийн үед аймгуудын Засаг дарга нартай холбоотой будилаантай хэргүүд ээлж дараалан гарах болсон. Энэ удаа Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлагыг хангаагүй болохыг шүүхээс тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Засаг даргаар ажиллах наад захын шаардлага хангаагүй хүнийг тус аймгийн ИТХ-аас Засаг даргаар томилсон асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэвч МАН-ын бүлэг, аймгийн ИТХ, мөн аймгийн Засаг дарга нарыг томилох, чөлөөлөх эрх бүхий Ерөнхий сайд арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс эл асуудлыг Үндсэн хуулийн шүүхийн Их суудлын хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон байна. Ингээд ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг хүргэж байна.
ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛААГҮЙГ ДАРААХ ҮНДЭСЛЭЛҮҮДЭЭР:
- Иргэн Л.Ганболд нь 2009-2013 оны хооронд аймгийн Засаг даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилласан гэх хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулаагүй буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлагыг хангаагүй болох нь Нийслэлийн “Захиргааны хэргийн шүүх”-ийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.
- Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрйн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байх ба дээрх зүйлд заасан 1994 оны “Төрийн албаны тухай хууль” нь 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болгосныг тооцох тухай хууль”-иар хүчингүй болсон байна.
- Л.Ганболдын 2013-2016 онуудад Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын Хорооны даргаар ажиллаж байсан хугацааг 1995 оны “Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй болно - гэж тус тус тогтоожээ.
ҮХЦ ийм тодорхой үндэслэлээр шийдвэр гаргасан байтал УИХ дахь МАН-ын 65-н бүлэг хүлээж авахгүй байгаа нь хууль дээдлэхгүй дураараа дургиж, Үндсэн хууль зөрчиж, тайлбарлаж байгаа том жишээ болж байна.