Зургаа хоногийн өмнө кран унасан "Саруул" хорооллын бас нэгэн байранд гал гарсны улмаас 27 настай эмэгтэй амиа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 22-ны 00:01 цагт галын дуудлагыг хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч 00:06 цагт очиж, тус байрны иргэн Э-гийн байрны тагт, эд хогшлын хамт, иргэн Оюунбилэгийн тагт, эд хогшлын хамт, иргэн Б-гийн тагт, эд хогшлын хамт, эзэнгүй айлын тагт, эд хогшлын хамт тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж, унтраасан байна.
Уг гал түймэрт тус байрны оршин суугч иргэн Э /27 настай, эмэгтэй/ өртөж, амиа алдсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн утаажилтын бүсээс 64 том хүн, 24 хүүхэд, нийт 88 иргэнийг гаргасан байна.
Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 14 алба хаагч, нийт 32 алба хаагч, 8 автомашинтай 01 цаг 40 минут ажиллажээ.