Нийслэлийн Засаг даргын Зөвлөл хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Зун болохоор зам барих, дулааны шугам сүлжээ, цэвэр усны шугам, ариутгал, татуургыг солих гээд зам хаадаг нь иргэдийг бухимдуулдаг. Дулааны шугам сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн газар, Захирагчийн ажлын албаны хоорондын ажлын уялдаа холбоогүйн улмаас жил бүр засвар хийдэг. Тиймээс эдгээр ажлыг уялдуулах үүднээс дэд бүтэц, өргөтгөл шинэчлэлийн хуваарь гаргасан.
Энд ямар ажил хэзээ эхлээд хэзээ дуусах талаар дэлгэрэнгүй гарна. Графикийн дагуу холбогдох байгууллагууд ажиллаж, заасан хугацаанд амжиж дэд бүтцийн ажлыг хийнэ" гэв.
Улаанбаатар хотод дэд бүтцийн чиглэлд энэ жил хөрөнгө оруулалт нэлээн идэвхжих хандлагатай байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх төслийн ажил энэ зун идэвхжинэ. Тиймээс нэгдсэн графикийн дагуу явна. Өмнө нь хэрэглээний халуун усыг хаах тохиолдол бүтэн сараар үргэлжилдэг байсан бол одоо хамгийн дээд тал нь 7 хоногийн дотор халуун усыг хаахаар төлөвлөлөө. Болж өгвөл хэрэглээний халуун усыг хаалгүй засвар шинэчлэл хийхэд онцгой анхаарна гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд жилд 40 орчим мянган автомашин оруулж ирдэг. Үүний 80 хувь нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл нэг ч автомашин хогийн цэгт очихгүй байна гэсэн судалгаа бий.
Хоёр томоохон гүүрэн гарцын ажил нийслэд эхлэх учраас авто замын түгжрэл маш их болно. Тиймээс энэ талд онцгой анхаарал хандуулж ажиллана. Иргэд үүнийг ойлгож, замын хөдөлгөөндөө соёлтой, хүлээцтэй хандаж оролцохыг уриалж байна. гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.