Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэгийн үүсгэгчийг нээснээс хойш 130 гаруй жил өнгөрсөн байна. Гэсэн ч уг өвчин эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Сүрьеэ өвчин нь халдварт өвчний дотор нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд жил бүр 10,4 сая хүн уг өвчнөөр өвчилж байна гэсэн судалгаа байна. Харин энэ өвчний улмаас 1,8 сая хүн нас барж байгаа харамсалтай тоо баримт байна. Нас баралт төдийгүй эдийн засгийн хувьд өрх гэрт, улс оронд хамгийн ихээр дарамт учруулж байгаа юм. Манай улсын хувьд өнгөрсөн онд сүрьеэ өвчний 3779 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 60 орчим хувь нь буюу 2200 гаруй хүн нь нийслэлд, 1500 гаруй нь аймаг орон нутагт, 1.3 хувь нь буюу 50 хүн нь хорих байгууллагад бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 266 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн онд бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын 10.000 хүн амд ногдох түвшин 15-24 нас , 25-34 нас мөн 65-аас дээш насанд өндөр байна. Өөрөөр хэлбэл сүрьеэтэй хүмүүсийн насны байдлыг аваад үзэхэд эд хөдөлмөрийн насны залуучууд байгаан судалгаанаас харагджээ. Өнгөрсөн онд 0-14 насны 424 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь нийт тохиолдлын дотор 11.2 хувь байгаа нь дэлхийн дунджаас өндөр байгаа юм. Сүрьеэгийн улмаас жилд дунджаар 250 хүн нас барж байгаа бөгөөд 10.000 хүн ам дахь нас баралтын түвшин сүүлийн 6 жилийн дунджаар 0.8 байна.
Энэ жил сүрьеэтэй тэмцэх өдрийг Дэлхий даяар “Манлайлагчдыг хайж байна. Та ч байж болно, Түүхийг бүтээ” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Гол утга нь сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад дан ганц эрүүл мэндийн салбарынханы хүчин мөхөсдөж байгаа тул бусад салбарын,бүх шатны шийдвэр гаргагчид болон хувь хүн бүр хувь нэмрээ оруулснаар 2035 онд сүрьеэгийн тархалтыг 95 хүртэлх хувиар бууруулах дэлхийн зорилтот хүрэх боломжтой гэж үзэж байна.