Энэ сарын 20-21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 45 айл шар усны үерт автсан байна. Гэр хороололд үүссэн шар усны үер нь цахилгааны эх үүсвэр болон айл өрхийн цахилгаан холболтод нөлөөлөхөөр байсан тул тухайн хэсгийн цахилгааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. Хохирлын дүн мэдээ одоогоор гараагүй байгаа юм.
Үүссэн нөхцөл байдалд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үерийн усыг газар авахуулахгүйн төлөө, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Энэхүү нөхцөл байдал 1-2 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул аймаг сумын холбогдох байгууллагууд хүч нэмэгдүүлжээ.
Энэ байдал бусад орон нутагт ч гарч болзошгүй байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.