Эрчим хүчний Сайдын зөвлөл хуралджээ. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн болон Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Хуралдаанаар
- “Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл, үнэ тариф”,
- “ДЦС-4 ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн насжилтыг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”, “Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааны төлөвлөгөө”,
- “УБЦТС, УБДС ТӨХК-үүдийн цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, оновчтой бүтэц зохион байгуулалтад оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан”-г тус тус сонсож, хэлэлцлээ.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн тусгай зөвшөөрөл, үнэ тарифын асуудлыг Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн танилцуулав. Хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж батлуулах, үнийг бууруулах, тарифыг доод хязгааргүй болгох, мастер төлөвлөгөө боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, тусгай зөвшөөрөл болон эрчим хүчний системийн тогтвортой байдалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах, холбогдох үүрэг даалгавруудыг харьяа газар, хэлтсүүдэд өгөхөөр болжээ.
“ДЦС-4” ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн насжилтыг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил 2019 он хүртэл үргэлжилнэ. 2017 оны аравдугаар сард үйлдвэрлэгч байгууллага /ОХУ-аас шинжилгээний баг/ металийн болон бусад шинжилгээг хийжээ.
Шинэчлэл, засвар хийснээр цахилгааны хүчин чадал 89 МВт-аар, дулаан 150 Ккал/цагаар, насжилт 35 жилээр тус тус нэмэгдэнэ.