Хурдан морины уралдаан баячуудын зугаа болоод удаж байгаа. Адгуусаар зиндаархаж, тарчиг нэгнийхээ хүүхдийг унаачаараа сонгодог жишээ төдийгөөс өдий хүртэл байсаар ирсэн. Уралдаж байгаа морио дагаж унасан машиныхаа хурд хүчийг мөн давхар сойдог тэнэгүүд манайхаас өөр улсад байхгүй. Бид хэнэггүй нь дэндсэн хүмүүс бололтой. Энэ бүхэнд төдийлөн ач холбогдол өгөлгүй өнгөрөөсөөр өдийг хүрчихсэн.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт болсон хаврын бүсийн “Дүнжингарав” уралдаан өчигдөр болж өндөрлөв. Уралдаан оройн 21 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд нь хүнд хэлбэрийн гэмтэл авсан байна. Хэзээнээс моринд хайртай монгол түмэн шөнө дөлөөр морь уралдуулдаг болсныг Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболдоос асуумаар байна.
Хамгийн сонирхолтой нь уг уралдаанд УИХ-ын дарга, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболдын хүү, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар морио уралдуулсан байх юм. Уг нь морь малаа байг гэхэд унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодож уралдааныг хойшлуулах бүрэн эрх аав, хүү хоёрт хэн хэнд нь бий. Даанч эдгээр эрхмүүдэд хүүхдийн төлөө гэх халуун зүрх, сэтгэл байгаагүй нь харамсалтай.
Зохион байгуулалт муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас болж уралдааны үеэр унаач хүүхэд машин мөргөж унаад ухаан алдсан байгаа юм. Гэтэл одоог хүртэл өөрсдийнхөө зугаа цэнгэл, баяр наадмын төлөө бусдын амь амьдрал болсон алаг үрийнх нь ирээдүйг үл ойшоож, ямар нэгэн тайлбар, уучлалт хүссэн зүйл алга.
М.Энхболд гэдэг хүн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Улсын их хурал болон Монголын Морин Спорт Уяачдын Холбоог удирдаж байгаа нь даанч эмгэнэлтэй, дэндүү харамсалтай.