Өдий наслахдаа ийм юм үздэг л юм байна гэдэг дээ. Түүн шиг 1990-ээд оноос хойшх өөрчлөлтийн өдрүүдэд шатахууны хомсдол ийм хэмжээнд хүртэл хоолойд тулж байсныг мэдэхгүй юм.
Шатахууны үнийн хөөрөгдөл, хомсдол хоёр нийлэхээрэ юу болдгийг монголчууд яс махаараа мэдэрч байх шиг байна. Яг судлаад үзвэл8 хэдхэн импортлогчдын халаасанд л бид нийтээрээ байдгаа мэдэж авлаа.
Харин энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ. Энэ асуултад хариулт хэлэх хүн алга.
Олон нийт үүнд хариулт авахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг хайгаад эхэллээ. Учир нь тэрээр шатахууны үнэ, хангалт нийлүүлэлтийг энэ сайд хариуцах чиг үүрэгтэй юм. Тэгээд ч шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж баталгаа гаргах шахаж байсан хүн бол Д.Сумъяабазар сайд юм.
Тэрээр 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтыг олон нийтэд нээлттэй ил тод болгох зорилгоор “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг сар бүрийн эхний долоо хоногт хийхээ мэдэгдэж, эхний хурал хийхдээ “…Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад онцгойлон анхаарна. Сангийн яамтай хамтран Олон Улсын валютын сантай дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсон тоо хэмжээг бууруулах, хэрэгжих хугацааг хойшлуулах арга хэмжээ авч ажиллана. Өнөөдрийн байдлаар газрын тосны экспортын гүйцэтгэл 71.81 хувьтай байна. Энэ онд 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас 821.9 мянган тонн түүхий тосыг БНХАУ-д экспортлоод байна” гэж байв.
Мөн 2017 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хурлынхаа үеэр “…ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд шатахууны Гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Сэргээн тогтоохдоо 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон. Ирэх онд онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй. Газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, зохион байгуулах үүрэг бүхий төр хувийн хэвшил гэж бий. Онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээлэл хүргэсэн. Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болно. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, компаниуд ч энэ тал дээр дэмжиж байна. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ. Шууд шатахууны үнийг нэмэх боломжгүй юм” гэж байсан.
Гэтэл өнөөдөр шатахууны үнэ, дээрээс нь хомсдол нүүрлэчихлээ.
Шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэж том том “баагаад” байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар таг чиг.
Тэрээр хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сарын 10 хавьд Дэд сайд Д.Загджавынхаа Оюутолгойн талаар хэлсэн үгэнд эгдүүцэж буйгаа илэрхийлэн “…Оюутолгой компаниас авсан Засгийн газрын хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага бий. Засгийн газар Рио Тинтод 8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Эхний ээлжинд энэ асуудлуудад анхаарна. Дубайн гэрээг өөр улсад байгуулсан нь шүүмжлэл дагуулдаг. Миний бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээ, мэдээллийг очиж, тэр айлд худалддаг, эрх баригчид Оюутолгойтой холбоотой ямар нэг асуудал шийдэх гэхээр урьдчилан нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь чиглүүлэх зорилгоор элдэв мэдээлэл тараах явдал их элбэг байна. Өнөөдрийн хоолноос илүүтэй ирээдүйн ашгаа бодолцох нь зөв. Дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах асуудлыг би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” гэж хэлчихээд алга болсон.
Тэр үед ч шатахууны үнэ нэмэгдэж эхлээд байв.
Одоо тэр хаана байна. Ард түмэн асууж байна.