Твиттерт тэнэг хүнгүй, фэйсбүүкт мэдлэггүй хүн байхгүй гэх үг гараад багагүй хугацааг үдэж. Ажаад байх нь энэ үг үнийн ортой. Манай улсын нийт хүн амын 60-аас дээш хувь нь сошиалд идэвхитэй байдаг гэсэн судалгаа гарчээ. Найман настай балчираас наян настай буурал хүртэл гэгчээр ухаалаг утас барьсан хүн болгон сошиалд хувь нэмрээ оруулж, санаа оноогоо уралдуулж, бусдыгаа үлгэрлэн дуурайж, дуурайлгах болж.
Өдгөө сошиалын гол сэдэв утааны асуудал байна. Утааны хор хөнөөлөөс эхлээд бүхий л талын мэдээ мэдээлэл, иргэдийн санаа бодлууд хөвөрсөөр... Утааг эрхэм сайд дарга нар биш салхи л хөөж байна хэмээн жирийн иргэд нь бичиж байхад эрх ямбатангууд нь харин утаа их байгаа ч гэсэн өмнөх жилүүдээ бодвол хүнд үзүүлэх хор нөлөө нь буурсан гэж ирээд л бусдыгаа мунхруулах.
Хэн нэгний санаа бодлыг энд үл ойшоох гэсэн юм биш. Хамгийн гол нь улирлаа дагаад хэсэгхэн хугацааны дараа утаа багасна. Харин бид утааны асуудлыг бүтэн жил мартдаг. Гэтэл утаа бууруулна хэмээн маш олон ажил ярьсаны хэрээр дэндүү их хөрөнгийг зарлагадсан байдаг нь төдийлөн иргэд, олон нийтэд ил болж байгаагүй. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд утаа бууруулна хэмээн хичнээн төгрөгийг салхинд хийсгэсэн, аль эсвэл хэн нэгний халаасанд орсон болохыг тооцоолох гээд үзье.
Манай улс 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахаар улсын төсвөөс 147,311 тэрбум төгрөг, Олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая ам.долларын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн аж. Тодруулбал, энэ мөнгөөр цахилгааныг шөнийн цагаар хязгаарлах, “Өлзий” зэрэг зуух иргэдэд “шахах” зэргээс хэтэрсэнгүй. Тухайн үедээ харин их ажил хийж, утааг бууруулсан хэмээн олон дарга цээжээ дэлдээд өнгөрсөн.
Харин бодит амьдрал дээр Улаанбаатар хот хамгийн их бохирдолттой хотоор шалгарчихаад байгаа явдал.
ДЭМБ-аас дэлхийн 103 орны 3000 гаруй томоохон хотыг хамруулан хийсэн судалгаагаар манай улсын нийслэл агаарын бохирдлоороо II байрт бичигдэж, гамшгийн хот гэх цол гуншинг төвөггүйхэн хүртчихээд байна.
Их хэмжээний мөнгө үр дүнгүй шахуу зарцуулагдсан гэх нэр зүүгээд хэдэн хүнийг баяжуулаад дуусч. Хотын удирдлагууд утаа бууруулах тал дээр ажиллаж байгаа, хэд хэдэн удаагийн захирамж гаргасан гэх мэдээллээ харин ч нэг сошиалаар нэг цацсан. Тэр нь хот руу ирэх шилжилт хөдөлгөөнийг зогсоосон явдал. Гэтэл захирамж гарснаас хойшхи хугацаанд 9567 хүн нийслэлд шилжин иржээ. Харин нийслэлээс хөдөө орон нутаг руу 10161 хүн шилжин явсан нь анх удаа нийслэлийн иргэдийн тоо буурсан үзүүлэлт аж.
Хотын даргын гаргасан энэ ухаалаг гэж нэрлээд байгаа алхам үнэн чанартаа утаа үйлдвэрлэж буй яндангийн тоог даанч цөөлсөнгүй. Тэгэхээр утаа гаргаад байгаа, Улаанбаатарыг утаанбаатар болгоод байгаа гол буруутан нь ердөө л яндан болж таарч байна.
Улаанбаатар хотын утааны эх үүсвэр
Өнгөрсөн онд утаа бууруулахаар улсын төсвийн хөрөнгөөс 4,95 тэрбум төгрөгийг зарцуулж, гүйцэтгэл нь хүлээгдэж байгаа. Харин 2018 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд зориулан 16,853 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа. Энэ мөнгөөр утаа үйлдвэрлэж байгаа гэр хороололд зарцуулна гэдгээ ч албаныхан зарлаад байна. Жилийн дараа үр дүнг нь хүртэж, утаа багасах болтугай гэж бурхан тэнгэртээ залбирая. Хий хоосонд итгэж, 76-гийн бохь, бандаашийг сошиалаар нэг тарааж байхаар гадны улс орнуудын сайн жишээг судалж, хэрэгжүүлмээр байгаа юм. Тухайлбал, Герман улс утаанаас салахын тул дагуул хотыг бий болгож, хэт төвлөрөлөө бодлогоор зохицуулсан байна. Ингэсний үр дүнд хот нь утаагүй болж, ажилгүй олон мянган иргэнээ ажлын байртай болгож, ядуурлаас аварч чадсан байх юм. Саарал ордонд суух хэдхэн дарга нартаа бус иргэддээ зориулсан томоохон, шийдмэг алхамуудыг хийж чадвал боломж монголчуудад зөндөө байна.
Цаашлаад дагуул хотуудыг олноор бий болгож чадвал Монгол Улс хөгжинө. Газар олдохгүйн зовлонг мэдэхгүй манайх шиг улс их дээд сургуулиудаа нэг газарт төвлөрүүлж, хотоос гаргах нь маш зөв зүйтэй бодлого. Эл санал санаачлагыг эхлүүлэхээр Анагаах ухааны их сургуулийн хамт олон ирэх хичээлийн жилээс эхлэн буйр сэлгэхээр болсноо зарлаад байгаа нь улс эх орондоо хийж буй маш том хөрөнгө оруулалт, бодит ажил. Тус сургуулиас гаргасан шийдвэрийг бусад нь дагаж, үлгэр дуурайлал аваасай.
Агаарыг бохирдуулаад байгаа бас нэг эх үүсвэр нь автомашин. Судалгаагаар автомашинаас гарч байгаа угаар нь утааг бий болгоод байгаа хүчин зүйлсийн 10 хувийг эзэлжээ. Машины тоог цөөлөх гарц бий. Тэр нь авто замуудын чанарыг сайжруулж, хэт төвлөрөлийг сааруулах. Энгийн боловч үр дүнтэй гэдгийг олон улс оронд нотолсон байдаг юм байна.
Эдгээр шийдлүүдийг л Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ маань бодит ажил хэрэг болгочихвол браво. Өөр хэлэх үг алга. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх боломжийг ард түмэндээ, элэг нэгт ахан дүүстээ олгож өгөөч. Жирийн иргэд, та бүхнийг сонгодог сонгогчид бид цагаан цаас байж болох ч утааны асуудлыг бодитоор бууртал нь үл мартаж, сошиалаар “дайн” зарласан хэвээрээ л байна шүү...