Засгийн газраас “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгах”-ыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан, “Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу 2017 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 09-нийг дуусталх хугацаанд мэдээлэл цуглуулжээ.
Нийт 570 мянга гаруй өрхөд зочилж судалгаа авснаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд 2,2 сая иргэний мэдээллийг бүртгэсэн байна.
Шинэчлэгдсэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд
- 184,7 мянган ахмад настан,
- 818,0 мянган хүүхэд,
- 87,8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
- 16,1 мянган өрх толгойлсон эрэгтэй,
- 73,5 мянган өрх толгойлсон эмэгтэй,
- 560,5 мянган хөдөлмөр эрхэлж байгаа иргэний мэдээлэл бүртгэлтэй байна.
Ийнхүү Өрхийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдсэнээр иргэд Нийгмийн халамжийн тухай хуульд заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ, онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, хууль зүйн өмгөөллийн үнэ төлбөргүй үйлчилгээ, тусламжид хамрагдах боломжтой.
Цаашид уг мэдээллийн сангийн хэвийн ажиллагааг хангах, хамруулалтын болон үл хамруулалтын алдааг засварлах үүднээс өрх, иргэнээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтэд үндэслэн дахин үнэлгээнд зайлшгүй хамруулах нөхцөлийг хангасан өрхүүдэд зочилж, дахин үнэлгээг хоёр сар тутамд нэг удаа хийнэ гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын цахим хуудсанд мэдээлжээ.