Төрийн ордонд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл өнөөдөр хуралдаж, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид Засгийн газар ямар бодлого барих талаар хэлэлцлээ.
Сүүлийн жилүүдэд нийт хөрөнгө оруулагчдын 50 орчим хувь нь манай улсаас гарч явсан тухай судалгаа байдаг. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой хэдий ч нөгөө талаар дээд түвшиндээ хууль, тогтоомжоо байнга өөрчилдөг, хийсэн гэрээ, хэлэлцээрээсээ буцаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нь алдаж байсантай холбоотой гэж үздэг.
Тиймээс Засгийн газраас хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж байна.
Тус зөвлөлийг даргалагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 5 зарчим баримтлан ажиллана гэдгээ илэрхийлж байна.