Монголын цагаар даваа гаригт шилжих шөнө “Панамын баримтууд”-ын үргэлжлэл буюу “Диваажингийн баримтууд” нэртэй оффшорын тухай мэдээлэл “Guardian”, BBC, “The New York Times”-д нийтлэгдлээ. 70 гаруй жил хуримтлагдсан, 13.4 сая баримт бичгийг 380 сэтгүүлч бүтэн жилийн турш судалж, шинжилсэн байна. Одоогийн байдлаар Их Британийн Хатан хаан, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн, Канадын Ерөнхий сайд гэх мэт улстөрчдөөс гадна “Twitter”, “Facebook” зэрэг компанийн мэдээлэл задраад байгаа. Энэ тухай дэлгэрэнгүйг болон Монголтой хэрхэн холбогдох талаар доорх материалуудаас уншина уу.
ОФФШОР ДАНСУУДАД 10 ИХ НАЯД АМ ДОЛЛАР БАЙНА
Их Британийн сөрөг хүчний тэргүүн Жереми Корбины хэлсэнчлэн чинээлэг хүмүүст татвараас зайлсхийх тусдаа дүрэм үйлчилдэг бололтой. Юу гэвэл, Жорж Соросын сангаас санхүүждэг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум дэлхийн хэд хэдэн хэвлэлтэй хамтран манай гаригийн оффшор компаниудын үйл ажиллагааны тухай материал нийтэлжээ. Панамын архивынхтай адил баримтуудыг Германы “Suddeusche zeitung” сонин олж аваад тус консорциумд хандсан гэнэ. Задлагдаад байгаа баримтуудын олонх нь Их Британи, түүний хамтын нөхөрлөлийн орнуудтай холбоотой байна.
Тухайлбал, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Австралийн Ерөнхий сайд Малькольм Тернбулл, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон зэрэг 120 улстөрч, Их Британийн хатан хааны II Элизабетын ордон, тэрчлэн “Apple”, “Uber” компанийн тухай үүнд дурдсан байна. “Paradise papers” (“Диваажингийн баримтууд”) хэмээн нэрлэсэн материалд 13.4 сая баримт бичиг, тэдгээрийн дотор Бермудын арлуудад бүртгэлтэй, 50 гаруй жилийн түүхтэй, хуулийн “Appleby” компанид хамаарах мэдээллүүд багтжээ.
“Татвараас зайлсхийх газар байлгадаг туршлагаа эцэс болгохгүй гэсэн, зохих эрх мэдэл бүхий улстөрчдийг тойрсон дуулиан болохыг анхаарах хэрэгтэй” гэж Үйлдвэрчний эвлэлийн болон иргэний идэвхтнүүдийн олон нийтийн “War on want” байгууллага мэдэгджээ.
Нийтлэгдсэн материалуудаас үзвэл, Их Британийн хатан хааны орлогын эх үүсвэр, хувийн эзэмшил, Ланкастер гүнлэг Кайманы арлууд дахь санд 7.5 сая долларын хөрөнгө оруулсан байна. Тус сан хатан хааны хөрөнгийг дуулиант “Brighthouse” пүүсийн хяналтад байдаг компанид шилжүүлжээ. “Brighthouse” нь британичуудад бараагаа бараг 100 хувь зээлээр худалддаг аж. Өнгөрсөн сард тус пүүсийн үйл ажиллагааг хууль бус гэж зарласан байна. Кайманы санд хөрөнгө оруулснаа II Элизабетын төлөөлөгч нотолсон ч мөнгийг чухам юунд зарцуулсныг гүнлэгт мэдэгдээгүй гэжээ.
Оффшор баримтуудад Саудын Арабын хаан Мухаммед бин Салман, тус улсын Дотоод хэргийн сайд, хунтайж Мухаммад ибн Наиф Аль Сауд, Иорданы хатан хаан Нур аль-Хусейний нэр багтсан байна. Мөн Канадын бизнес эрхлэгч, тус улсын Ерөнхий сайдын албан ёсны бус зөвлөх Стивен Бронфман ч бичигджээ.
Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл 1990-ээд оны эхний хагаст Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Star technology systems” компанийн захирал байв. Тус компани нь ОХУ-ын Сибирьт алтны орд газар ашиглахаар төлөвлөж байсан “Star mining corporation NL”-ийн салбар юм. Үүнийг Панамын хуулийн “Mossack fonseca” компани удирддаг аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон 1990-ээд оны сүүлчээр (Тэр үед Америкийн нефть, хийн “Exxon” корпорацад ажиллаж байсан) Бермудын “Marib upstream services co.” компанийг удирдаж байв. Тус оффшор компани нь Йеменд нефть, хий олборлохоор байгуулагдсан гэнэ.
Өнгөрсөн сард Бермудын хуулийн “Appleby” компани үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдсанаа хүлээжээ. Гэхдээ тэдгээрт хууль зөрчсөн ямар нэг нотолгоо байхгүй гэж тус компани мэдэгдсэн байна.
Ням гаригт гаргаж тавьсан баримтууд нь долоо хоногийн турш нийтлэх материалын багахан хэсэг гэнэ.
Мөрдөн шалгалтаас үзвэл улстөрчид, үндэстэн дамнасан корпорацууд, алдартнууд татвараас зайлсхийхийн тулд төөрөгдүүлсэн схем ашиглаж, эсвэл байгуулсан гэрээ, хэлэлцээрээ нуудаг аж. Мөнгөн шилжүүлгийнхээ дийлэнхийг гүйцэтгэхдээ хууль зөрчөөгүй гэнэ.
“Boston consulting group”-ийн мэдээлснээр оффшор дансуудад 10 их наяд доллар бий аж. Энэ нь Их Британи, Япон, Францын ДНБ-ийг нийлүүлсэнтэй тэнцэх юм байна.
ЗаСГИЙН ГАЗРААС БАТАЛСАН ЖАГСААЛТАД ДУРДАГДСАН БҮСҮҮД БАГТЖЭЭ
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлгэсэн оффшор данстай холбоотой “Диваажингийн баримтууд”-ад Монголоос ямар хүмүүсийн нэрс тодрох нь вэ гэсэн хүлээлт бий болов. Өчигдрийн байдлаар албан ёсоор монгол хүн, Монгол Улстай холбоотой баримтыг дэлгээгүй ч, манайд үйл ажиллагаа явуулдаг гадаадын нэгэн компанийн нэрийг дурдагдсан байх магадлалтай тухай холбогдох байгууллагуудаас бидэнд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүсийг дансаа хааж, мөнгөө эх орондоо оруулж ирэхийг уриалсны дараа АТГ тухайн бүсэд данс эзэмшигчдийг шалгах болсон.
Тэр үед НИК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням л оффшор бүсээс 4.3 сая ам.доллароо оруулж ирснийг бид цаг тухайд нь мэдээлсэн.
Түүнээс өмнө чухам хаанахыг оффшор бүсийн орон гэж үзэх жагсаалтыг Засгийн газраас батлаагүйгээс данс, хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулсан хүмүүсийг шалгах ажил төдийлөн урагшлаагүй гэхэд хилсдэхгүй. Харин Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 3-нд оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталж, түүнд Барбадос улс, Багамын арлууд, Британийн Виржинийн арлууд, Кайманын арлууд зэрэг 49 бүс нутгийг багтаасан юм.
Тэгвэл өчигдөр олон нийтэд хүрсэн “Диваажингийн баримтууд” хэмээх жагсаалтад манай Засгийн газраас баталсан 49 бүсэд багтсан Виржини, Кайман, Мавритан, Сэйшил, Бермуд зэрэг арал, улс байгаа юм.
Хэрэв “Диваажингийн баримтууд”-ад манай төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд данс эзэмшдэг нь ил болбол, дансаа хааж, хувьцаагаа буцааж, хөрөнгөө татах ёстой. Энэ хугацаа ирэх оны нэгдүгээр сард дуусах бөгөөд түүнийгээ 30 хоногийн дотор АТГ, Монголбанк зэрэг эрх бүхий байгууллагад мэдэгдэхээр хуульчилсан. Тэгэхээр ирэх оны хоёрдугаар сарын сүүлч гэхэд оффшор бүсэд данс эзэмшигчид хэчнээн хэмжээний хөрөнгөө эх орондоо оруулж ирсэн нь тодорхой болох юм. Хэрэв энэ хугацаанд хуулиа биелүүлээгүй бол эрүүгийн хариуцлагад татагдаж, сонгогдсон албан тушаалтан байвал эргүүлэн татах заалттай. Тэгэхээр УИХ-ын гишүүн болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бол ард түмнийг төлөөлөх эрхгүй болох юм. Харин томилогдсон албан тушаалтныг шууд халахаар хуульчилсан.
Эх сурвалж: Өнөөдөр сонин