Дэлхий дээр амьдарч буй нийт эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 35, хүүхдүүдийн 40 хувь нь дам тамхичид байдаг буюу өөрийн хүслээс үл хамааран тамхины утаанд байнга өртдөг байна. Утаагүй орчинд ажиллаж амьдардаг хүмүүстэй харьцуулахад дам тамхичид эсвэл идэвхгүй тамхичдын уушгины хавдарт өртөх эрсдэл 20-30 хувиар, зүрх судасны эмгэгтэй болох эрсдэл 25-35 хувиар илүү өндөр байдаг байна.
Тамхигүй орчинтой харьцуулахад тамхины өрөөтэй баар, зоогийн газар дахь агаарт никотин 35.5 дахин, тамхи татдаг газрын агаарт агуулагдах никотины хэмжээ 56.2 дахин их байдаг.
Улс орнууд олон нийтийн газар, ажлын байр болон нийтийн тээврийн хэрэгслүүдийн дотор тамхи татахыг хориглосон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг авсаар байна. Учир нь дэлхий нийтэд үйл ажиллагаа явуулж буй нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд дам тамхидалтад ямар ч хүн эрсдэлгүй, аюулгүй байдлаар өртдөггүй гэсэн дүгнэлтийг хэдийнэ гаргасан байдаг. Тамхины утаа амьсгалах нь ноцтой өвчлөл улмаар эрт нас барахад хүргэдэг. Мөн уушгины хавдар, зүрхний олон төрлийн эмгэг, нярай хүүхдийн гэнэтийн үхэл, дутуу жинтэй хүүхэд төрөх болон аль ч насны хүнд амьсгалын замын үрэвслийн хүнд хэлбэрүүд үүсэх шалтгаан болдог. Албан ёсны тоо баримтаар жил бүр дэлхий дээр дам тамхидалтад өртсөний улмаас 600 гаруй мянган хүн нас бардаг ажээ. Олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажиллагсад болон үйлчилгээ авч буй хүмүүсийг дам тамхидалт буюу тамхины утаанд өртөх эрсдэлээс хамгаалах цорын ганц үр дүнтэй арга бол ажлын байр. Тухайлбал, зоогийн газар, баар, зочин хүлээж авах, боловсролын, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, спортын, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг олон нийтийн газруудад тамхи татахыг хориглох замаар утаагүй орчныг бий болгох явдал гэсэн шинжлэх ухааны тодорхой нотолгоо хэдийнэ гарсан. Эдгээр нотолгоо нь агааржуулагч бүхий тусгайлсан тамхины өрөө байгуулах замаар хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах боломжгүй гэдгийг ч баталсан.
Тамхитай холбоотой тоо баримтаас…
-
480 000 хүн: АНУ-д тамхинаас үүдэлтэй нас баралтын тоо /нэг жилд/
-
170 тэрбум ам.доллар: АНУ-ын тамхинаас үүдэлтэй өвчлөлийн халамж үйлчилгээнд зарцуулдаг эрүүл мэндийн салбарын жилийн төсөв
-
7 сая: Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй нас барч буй хүний тоо /нэг жилд/
-
1.4 их наяд ам.доллар: Нэг жилд дэлхийн улс орнууд тамхины хэрэглээтэй холбоотойгоор гаргадаг эдийн засгийн нийт зардал
-
1 тэрбум ам.доллар: Нэн даруй арга хэмжээ аваагүй тохиолдолд дэлхий дахинд энэ зууны туршид тохиох нас баралт
ТАМХИГҮЙ ОРЧНЫГ ДЭМЖСЭН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ӨГӨӨЖТЭЙ ШИЙДЭЛ
Тамхигүй орчныг бүрдүүлэх нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хамгийн их ач холбогдолтой. Ямар ч байгууллагын хувьд эдийн засгийн үр ашиг буурах шалтгаан яагаад ч болдоггүй гэдэг нь судалгааны үр дүнгээр нэгэнтээ батлагдсан. Шотланд улсад тамхийг дотоод орчинд бүрэн хориглосны үр дүнд нэг жилийн хугацаанд багтраа өвчтэй хүүхдүүд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тохиолдол 15 хувиар, АНУ, Канад, Шотландад мөн хугацаанд зүрх судасны эмгэгийн улмаас хэвтэж эмчлүүлэгсдийн тоо 13-33 хувиар буурчээ.
ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн наймдугаар зүйлд заасанчлан энэхүү олон улсын гэрээнд нэгдэн орсон талууд буюу улс орнууд иргэдээ ажлын байр, нийтийн тээврийн хэрэгсэл болон бусад газрын дотоод орчинд тамхины утаанд өртөхөөс хамгаалах үүргийг хүлээдэг. Энэхүү шаардлагад нийцүүлэхийн тулд нэгдэн орсон улс орнууд “Зөвхөн утаагүй орчныг бүрдүүлэхийг дэмжсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлбэл зохино” гэж дээрх наймдугаар зүйлийг хэрэгжүүлэх удирдамжид тодорхой зааж өгсөн. Конвенцийг соёрхон баталсны дараа 2004 оноос хойш Ирланд улс тамхигүй орчныг дэмжсэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойшхи хугацаанд дор хаяж 55 улс тамхины хяналтын эрх зүйн орчноо энэхүү заалтад нийцүүлэн өөрчилсөн байна.
Манай хойд хөрш ОХУ-ын хувьд хэдийгээр дээрх конвенцид манай улсаас хойш буюу 2008 онд нэгдэн орсон ч 2013 онд “Иргэдийн эрүүл мэндийг утаат тамхины хор хөнөөл болон тамхины хэрэглээний үр дагавраас хамгаалах тухай” хуулийг баталж хэрэгжүүлснээр тамхины хэрэглээний тархалтыг бууруулахад эерэг үр дүнд хүрч байна. Хэдийгээр олон улсын тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс өөрсдийн сонирхолд нийцүүлэн тус хуулийг сулруулах оролдлого хийдэг боловч Төрийн Думын эрүүл мэндийн асуудлаарх хороо болон ЭМЯ-ны зүгээс энэ тал дээр хөдлөшгүй байр суурьтай байсаар байгаа нь манай улсын хууль боловсруулагчдын хувьд суралцах сайн жишээний нэг юм. Эцэст нь хэлэхэд манай УИХ-ын эрхэм гишүүд, холбогдох байнгын хороо тамхины хяналтын эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд авч үзээсэй гэж хүсэх л үлдэж байна. Ингэснээр манай улсад өндөр хувьтай хавдрын өвчлөл, нас баралтын эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг болох тамхины хэрэглээг бууруулах, утаат тамхины хор хөнөөлөөс ирээдүй хойч үеэ хамгаалахад өөрсдийн зүгээс бодит хувь нэмрээ оруулах юм. Удахгүй УИХ-д өргөн барих нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ намрын чуулганаар хэлэлцэгдэн батлагдах хэрэгцээ шаардлага, нийгэм, эдийн засгийн ач холбогдлын тухай энд дурдах нь илүү биз ээ.
Б.БАЯР