ХӨСҮТ-өөс өнөөдөр (2023.11.28) цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Сүүлийн 7 хоногийн байдлаар амбулаториор нийт 200 мянга гаруй хүн үйлчлүүлснээс 5.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ. Нийслэл Улаанбаатар хотод энэ хувь 5.8 хувьтай байгаа бол аймаг орны нутгийн дундаж 5.2 хувьтай байна. Энэхүү үзүүлэлт өмнөх долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 10.000 хүн ам тутмын 36 нь томуу, томуу төст өвчнөөр өвчилж байна.
Улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлагын 16 хувийг энэхүү өвчний дуудлага эзэлж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 40 орчим хувийг эзэлж байна. Ерөнхийдөө 15 хүртэлх насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 84 орчим хувийг, 0-4 хүртэлх насны хүүхдүүд 60 орчим хувийг эзэлж байна.
Өвчлөгсдийн 10 орчим хувь нь SARS, COVID-19-өөр өвчилсөн гэх судалгаа гарсан. Зарим сорьцод түүврийн аргаар шинжилгээ хийхэд хамрын ханиад үүсгэгч вирус зонхилж байсан бөгөөд дархлаа сул, бага насны хүүхдүүдэд хүндрэх шинж тэмдэг ажиглагдаж байна.
5 хүртэлх насны хүүхдүүд, өндөр настан, эмнэлгийн эмч ажилчдад дархлаажуулалтын вакцин хийсэн. Энэ сарын 22-ний байдлаар улсын хэмжээнд 87.1 хувь хүн вакцинд хамрагдсан байна. Ковид-19-ын үед хэрэгжиж байсан дэглэмээ үргэлжүүлэн авах шаардлагатай байна. Гарын ариун цэврийг сайтар сахиж, хүн хоорондын зай барьж, амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжихийг уриалж байна.