“Mars on Earth” буюу “Дэлхий дээрх Марс (ангараг)” олон улсын цахим хосолсон хурлыг Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн (MARSA) санаачилгаар энэ сарын 13-ны өдөр Монгол Улсад зохион байгуулна. Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Хуралд сансрын судалгаа, тэр дундаа Марс гарагийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон дэлхийгээс Марс гараг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисэгчид цахимаар оролцоно.
Марс гарагийг хүн төрөлхтөн мянга мянган жилийн тэртээгээс “нэрлэж” ирсэн бөгөөд 1610 онд шинжлэх ухааны төвшинд нээн илрүүлсэн байна. Улмаар 1960 оноос хойш дэлхийн улс орнууд технологийн аргаар идэвхитэй судалсаар байгаа. Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд “Mars on Earth” хурлын гол зорилго оршиж байгаа ажээ.