Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ой хээрийн түймэр 6 дуудлага, өнжмөл шар өвс шатсан гэх 232 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хөдөлгөөнт эргүүл хийж байгаа юм. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд өнжмөл өвс шатааж байсан 17 удаагийн зөрчлийг илэрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авчээ.
Нийслэлийн зургаан дүүргийн ногоон бүсэд аялал зугаалгаар явж байсан 2910 иргэн, 1824 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өнжмөл өвс шатаасан дуудлага 51,7 хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар мэдээлэв. Хуурайшилтын үед иргэдийг ногоон бүсэд аялж зугаалах, өнжмөл өвс шатааж болзошгүй эрсдэл үүсгэхгүй байхыг энэ үеэр сэрэмжлүүлэв. Энэ сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Хан талст” компанийн эзэмшил газарт тогтсон усанд 4 хүүхэд осолдсон дуудлага ирсэн. Аврах ангийн албан хаагчид шуурхай ажиллаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар мэдээллээ.
Байгаль орчны газраас 32 урамшуулалт эргүүл, 32 байгаль хамгаалагчид зуслангийн бүсэд орчны аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж. Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа “Он гарснаас хойш байгаль хамгаалагчид Ойн тухай хууль зөрчсөн 34 тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч 13 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн зөвшөөрөлгүй худаг өрөмдөж байсан 3 тохиолдлыг илрүүлж 4 сая төгрөгийн торгууль ногдуулсан” гэв.
Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хүргэсэн юм. Сүүлийн 24 цагийн байдлаар энэ төрлийн халдвараар АНУ, Итали, Испани, Герман, Франц, Их Британи, Турк, ОХУ, Бразил зэрэг улс орнуудад хамгийн их өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 148 тохиолдол бүртгэгдээд буй. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 3910 иргэн байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төв болон Яаралтай түргэн тусламжийн 103 хариуцан ажиглаж байгаа аж. Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар эрүүл мэндийн тандалт судалгааг хийж байгаа бөгөөд өнөөдрийн 08 цагийн байдлаар 14445 тээврийн хэрэгсэл, 48486 иргэн судалгаанд хамрагджээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нэмэлт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм.
Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Ззөвшөөрлөгүй барилгын ажлыг үргэлжлүүлж аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүйн улмаас эмгэнэлтэй хэрэг гарсанд харамсаж буйгаа илэрхийлье. Хариуцлагаас хэн нэг албан тушаалтан мултрах ёсгүй. Хэн хариуцлага алдсаныг шүүх цагдаа болон Нийслэлийн засаг даргын зүгээс олж хариуцлага тооцно” гэв.