"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарт Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан, мөнгө угаасан хэрэгт буруутгаж буй юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасан Засгийн газрын тухайн үеийн хуралдаанд оролцсон зарим сайдуудаас АТГ тайлбар авч эхэлсэн байна.
Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 9 болон 13 -ны өдрийн хуралдаанаараа "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байдаг. Хуралдаанд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Засгийн газрын гишүүд болох Б.Болор, Ц.Цолмон, Л.Гантөмөр, Р.Жигжид, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Зоригт, С.Ламбаа нар оролцсон байдаг. Эх сурвалжийн мэдээллээр тэдний зарим нь АТГ-т очиж тайлбар өгч эхлээд байгаа аж.
Сануулахад, Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр"-ийн талаар авсан зарим арга хэмжээний тухай 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг саяхан нууцаас гаргасан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компанид шилжүүлэх асуудлыг Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Р.Жигжид, Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Г.Баярсайхан нар эсэргүүцсэн бөгөөд Засгийн газрын бусад гишүүд дэмжиж байсан гэх мэдээллийг өгсөн билээ.