Шадар сайд Ө.Энхтүвшин "Эко алтан Заамар" ХХК-д гарсан ослын үеэр сайн ажилласан Онцгой байдлын алба хаагчдыг хүлээж авч уулзан, зарим хүмүүст шагнал гардуулахаар болжээ.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд хөрсний нуранги үүсэж, дөрвөн иргэн нурангид дарагдсан. Онцгой байдлын алба хаагчид есөн өдрийн турш 24 цагаар ажиллан дөрвөн иргэний цогцсыг гарган авсан юм.
Аврах ажиллагаа явуулах үеэр ил уурхайн ханыг даган мөс тогтсон байсан бөгөөд уурхайн гүнд жижиг хэмжээний гол урсаж байсан учраас усны төвшин богино хугацаанд ихээхэн өссөн гэдгийг аврах ажиллагаа явуулсан багийн ахлагч Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлсэн юм.
Аврах ажиллагаанд онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль хяналтынхан зэрэг байгууллагуудаас нийт 250 гаруй албан хаагч ажилласан. Харин Онцгой байдлын газраас 36 албан хаагч ес хоногийн хугацаанд ажиллажээ. Эрлийн баг усанд автах, живэх эрсдэлтэй нөхцөл байдалд ажилласан талаар ОБЕГ-аас мэдээлж байв.