Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо(ТОАҮАХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийж, хувийн хэвшлийн 17 компанийн автобусууд үйлчилгээнд явах боломжгүй болж байгаагаа дуулгалаа. Учир нь нийтийн тээврийн компаниуд шатахууны үнийн өсөлтөөс үүдэн алдагдал хүлээсээр байгаа бөгөөд шатахуун нийлүүлэгч компаниуд цаашид зээлээр олгох үнийн дүнгээ өсгөх боломжгүй, зарим нь зээлээр олгохгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ.
Тодруулбал, 2015 оноос нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлснээр нийтийн тээврийн санхүүжилтийг “Машин цагийн зардал” хэмээх хэмжүүрээр тооцон олгох болсон бөгөөд энэ мөнгийг 2017 оны есдүгээр сараас 30,672 төгрөг болгосон байдаг. Гэвч өнөөдөр дизель түлшний үнэ 2,390 төгрөг болсноор нэг машин цагийн бодит зардал 39,736 төгрөг болчихоод байгаатул өртгөөсөө хямд санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж буйг ТОАҮАХ-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн ярилаа.
ТОАҮАХ-ны тооцоолсноор 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх 17 компанийн зөвхөн шатахууны үнийн зөрүүнээс хүлээж буй алдагдал 5.12 тэрбум төгрөгт хүрчээ.
Үнийн зөрүүнээс үүссэн алдагдал 2018 он гарч, шатахууны үнэ нэмснээс хойш бий болжээ. Ийнхүү алдагдал үүссэн тул Машин цагийн зардлыг шинэчлэн тогтоох Ажлын хэсэг, НИТХ-аас баталсан Журамд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг томилогдон өнгөрсөн тавдугаар сард дүгнэлтээ бэлэн болгожээ.
Уг дүгнэлтээр дизель түлшний бөөний үнийг 1,900 төгрөг, ам.долларын ханшийг 2,450төгрөгөөр тооцон машин цагийн зардлыг 36,540 болгож, энэ онд нэмж 17.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Гэвч энэ тооцоог хийснээс хойш ам долларын ханш л гэхэд 120 төгрөгөөр, дизель түлшний бөөний үнэ литр тутамдаа 490төгрөгөөр өсчихөөд буй.
Энэхүү алдагдлыг нийслэлийн Засаг дарга олгоно хэмээн тухайн үед нийслэлийн Тээврийн газрын дарга нь ТОАҮАХ-нд хариу өгсөн тул хувийн хэвшлийн компаниуд харилцагч байгууллага, банкуудад өр зээл тавьж, өнөөдрийг хүрсэн ч эцэстээ шатахуун нийлүүлэгч компаниуд дахин зээлээр олгох хэмжээгээ нэмэх боломжгүй болсноо албан бичгээр мэдэгдсэн талаар “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг ярилаа.
Шатахуун нийлүүлэгчид нэг автобусанд өдөрт 54,000 төгрөгийн шатахуун зээлүүлдэг аж. Гэвч ийнхүү үнэ нэмэгдсэн тул тэр хэмжээний шатахуунаар нийтийн тээвэрт бүрэн үйлчлэх боломжгүй аж. А.Ганхуяг “Манай компанийн хувьд одоогийн байдлаар 150 тонн шатахууны нөөцтэй байна. Энэ нөөцөөр Даваа гарагийн үд хүртэл явах боломжтой” гээд “Ерөнхий сайд шатахууны үнийг тогтвортой байлгах боломжгүй, зах зээлийнх нь зарчмаар явуулна гэж хэлсэн. Тэгвэл нийтийн тээврийг ч гэсэн зах зээлийнх нь зарчмаар явуулмаар байна. Тэгэхгүй байгаагаас болоод бид өнөөдөр автобуснуудаа шинэчилж чадахгүй, ажилчдынхаа цалин хөлсийг хангалттай өгч чадахгүй, тэдэнд шаардлага тавьж чадахгүйд хүрээд байна. Энэ бол нийтийн тээврийн салбарын бодлого алдагдсантай холбоотой” гэлээ.
“Авто тээврийн тухай хууль болон Төсвийн тухай хуулиар иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах үүрэг орон нутгийн удирдлагад байдаг. Нийслэлийн Засаг даргад бид олон удаа хандсан. Бид ажил хаях гээгүй гэдгийг иргэд зөв ойлгоосой. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобуснуудад шатахуун нийлүүлэгчид зээлээр шатахуун өгөх боломжгүй болсон учраас үйл ажиллагааг доголдож мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа иргэддээ урьдчилан мэдэгдэхийг хүссэн юм” хэмээн эцэст нь Ж.Дамдинсүрэн хэллээ.
Тиймээс ТОАҮАХ үнийн зөрүүнээс хүлээж буй алдагдал 5.12 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэж өгөхийг нийслэлийн Засаг даргад уламжлаад 2019 нийслэлийн төсөвтөө дизель түлшний үнийн өсөлтийг нэмж тооцохыг хүсэв.