Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гишүүдийн хамааралтай компаниуд зээл авсан талаар мэдээлэл сүүлийн хэд хоногт олны анхаарлыг татаад байна.

Нэр бүхий гишүүдийн эхнэр, аавын хамаарал бүхий компаниуд зээл авсан бөгөөд энэ дунд УИХ-ын гишүүн Н.Учралын аавын эзэмшлийн "Хүннү" ХХК багтаж буй юм.

Энэ талаар Н.Учрал өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

“"Хүннү" ХХК бол 1992 онд байгуулагдсан миний аавын 100 хувь эзэмшлийн компани. Тус компанийн төслийн баг зохих шаардлагын дагуу төсөл бичиж, өөрсдийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авсан байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Тус компани надтай, надгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн компани.

Эх орондоо нэмүү өртөг, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу чацарганаас эфирийн тосыг гарган авч гоо сайхны 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл бичин зээл авсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ажлын байр бий болгох алсын хараатай төсөл байсан учир шалгарсан гэсэн мэдээлэл надад байна.

Үүнийг намайг эрх мэдлээ урвуулан ашигласан мэтээр нийгэмд эгдүүцэл хүргэсэн мэдээлэл их байгаа учраас энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэдгийг "Хүннү" ХХК-ийн удирдлагуудад уламжилсан. Үүнтэй холбоотойгоор компани чанар стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулж байгаа ч УИХ-ын гишүүнтэй холбож байгаа бол хугацаанаас нь өмнө энэ зээлээ төлье гэдэг шийдвэр гаргасан.

Дөрвөн жилийн хугацаатай төсөл одоо судалгааны ажил буюу 20 хувьтай байгаа учраас зээлээ эргүүлэн төлөх боломжтой хэмээн тайлбарлаж байна. Тиймээс хугацаанаас нь өмнө энэхүү зээлийг дараа долоо хоногт (мэдэгдлийг өчигдөр хийсэн) эргүүлэн төлөхөө мэдэгдсэн.

Нэг зүйлийг онцлох хэрэгтэй, хэзээ ч би ямар нэг байдлаар хөнгөлөлттэй зээл, төсөл сонгон шалгаруулалтад өөрийн нөлөөг ашиглаж, ямар ч тохиолдолд хувийн бизнес компанидаа олгоход оролцож байгаагүй, цаашид ч оролцохгүй. Үүний төлөө би хариуцлагатай, ёсзүйтэй ажиллах болно, ажилласаар ч ирсэн гэдгээ хэлмээр байна.

Хэрэв үнэхээр нөлөөллөө ашиглаж энэ хөнгөлөлттэй зээлд оролцсон байвал хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг шалгуулахад нээлттэй гэдгээ хэлье” гэсэн мэдэгдлийг өчигдөр хийсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ