УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдийн өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хороо уг төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж баталлаа.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өнгөрсөн хоёрдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулах үед Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль дагаж өөрчлөгдсөн юм. Ингэхдээ тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос зургаан жил буюу 72, 2020 оноос долоон жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон байна.
Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байсан учраас дээрх хуулийн төслийг санаачилжээ. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр нэг сард 30704-33512, офицерийн тэтгэвэр 48787-70081, ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр буурахаар болоод байжээ.