Магнай Трейд" компанийн захирал Р.Ганзоригийг аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Хуульд зааснаар түүнийг цагдаагийн алба хаагчид 48 цаг саатуулах эрхтэй бөгөөд үргэлжлүүлэн саатуулах боломжгүй болсон учир Р.Ганзоригийг түр сулласан байна. Гэвч прокуророос түүнийг үргэлжлүүлэн саатуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлээд байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Р.Ганзоригоос “Жаст” Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан тайлбар авсан байна.
Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Р.Ганзоригын хүү Г.Дашнямыг өчигдөр орой дуудуулж тус компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон шатахуун нэрж худалдаанд гаргасан байж болзошгүй асуудлаар тайлбар авсан гэх мэдээлэл байна.
“Магнай трейд” компани нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 13 агуулах, мөн 150 гаруй ШТС-тай бөгөөд гишүүн байгууллагуудтай нийлээд 400 гаруй ШТС ажиллуулдаг байна. Түүнчлэн 2013 оноос шатах, тослох материал импортлож эхэлсэн ба байгалийн шатдаг хий, газрын тосны хайгуулын чиглэлээр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Баянтүмэн-XYII” талбайд хайгуул хийхээр Газрын тосны газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулж байсан юм. Улмаар тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Жаст” группын “Жаст ойл” ХХК-ыг 40 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч байсан билээ.
"Жаст" Ш.Батхүүгийн хувьд түүнийг Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаалж их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж цагдан хориод байгаа билээ.
Эх сурвалж: Zindaa.mn